Талбай дээр өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй холбогдуулан МАН-аас дөнгөж сая сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай нэг л хүн нэр дэвших хуультай байгаа. Өнөөдөр Ардчилсан нам дотоод асуудлуудаасаа болоод хоёр хуваагдаад 2 хүн нэр дэвшүүлчихлээ. Тэр асуудлаасаа болоод АН-ын нэр бүхий гишүүд Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан нэртэй хоёр хонож байна. Энэ асуудлаа өнөөдөр намын асуудал бус, нийгмийн асуудал, төрийн асуудал болгох зорилготойгоор өлсгөлөн зарлаж байгааг МАН-ын зүгээс эрс буруушааж байгаа. Өнөөдөр АН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан, цаашлаад АН-аас нэр дэвшээд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрхмүүд болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын АН-ыг булаацалдсан "зодоон" нь уг асуудлыг энд хүргэлээ. Энэ асуудал нь АН-ын л асуудал. Монгол төрийн асуудал биш ээ. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй төрийн сонгуульд орох гэж байгаа нь эдгээр улсуудыг ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь ээ гэж улс төр хийж байгаад гайхаж байна. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Монгол Улс нэг хүний болон нэг намын дарлалд орох ямар ч боломж байхгүй гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. 2012-2017 онд Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар өнөөдөр талбай дээр хэвтэж байгаа Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг монголчууд мэднэ. Тэр үеийг дарангуйллын нийгэм гэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм зүйл байдаггүй юм аа. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд ард иргэдээсээ мандат авсан нам бодлогоо хэрэгжүүлэхээр төрд ажилладаг юм. Өнөөдөр та бүхэн 30 жилийн өмнө жагсаал хийгээд өлсөж байсан шигээ улс төр хийх гэж байгаа бол тийм зүйл байхгүй ээ.
Ардчилсан намын залуучууддаа уриалмаар байна. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ, Энэ ардчилсан намын ахмадууд нь залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ. Бид шинэ үеийн улстөрчид. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар өрсөлдмөөр байна. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч намаа шинэчлээч ээ. Өнөөдөр цагдаа, эмч, онцгой гээд маш олон хүн ямар их хэмжээний мөнгө санхүү, хүч хөдөлмөр зараад ковидын эсрэг ажиллаж байна. Гэтэл та бүхэн хэн нэгнийг эрх мэдэлд аваачихын төлөө талбай дээр өлсгөлөн зарлаад сууж байна. МАН хуулийн дагуу нэр дэвшсэн хэнтэй ч хуулийн дагуу өрсөлдөхөд болно оо" гэж мэдэгдлээ.