МАН, МАХН намууд нэгдсэнээр ТАВДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙГ боловсруулах гол зорилго байгаа талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээллээ. Тэрбээр:
"Хамгийн гол нэгдэл бол энэ Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа юм. Шинэ Үндсэн хуультай болъё гэж байгаа юм. Тодорхой хэлбэл тав дахь Үндсэн хуулийг. Анхны Үндсэн хууль бол 1924 онд, хоёр дахь нь 1940 онд, гурав дахь нь 1960 онд, дөрөв дэхь нь 1992 онд боловсруулсан бол одоо тав дахь Үндсэн хуулийг батлах цаг болсон гэж үзэж байна. Үндсэн хуулиудыг судлаад үзэхэд нэг үндсэн хуулийг ойролцоогоор 20-25 жилийн дараа сольдог. АНУ-ын Үндсэн хуулийг 200 гаруй жил өөрчлөгдөөгүй гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ худлаа. Маш олон өөрчлөлтүүд орсон байгаа. Наад хэлбэр нь 200 гаруй жил өөрчлөгдөөгүй юм шиг боловч цаад утга агуулга нь бараг хэд хэд дахин шинэ Үндсэн хуулийн өөрчлөлт орсон юм шиг байгаа юм. Францын Үндсэн хууль бол тав дахь Үндсэн хууль гэж явж байгаа. Энэ мэтээр Үндсэн хуулиа засдаг юм билээ. Яагаад гэвэл ард иргэдийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, төр засгаасаа хүссэн зүйлийг Үндсэн хуульдаа суулгаж байж улс орон хөгжинө. Ийм учраас тав дугаар үндсэн хуулийг боловсруулж батлах нь энэ тохирооны хамгийн гол зүйл юм" гэв.
О.Жаргалбаяр