Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах төлөвлөлтийг эхлүүлэхийг цахим хуудсаараа дамжуулан уриалсныг хүргэж байна. Уг нийтлэлд Pfizer, Moderna, Johnson-Johnson зэрэг компаниуд хүүхдийн вакцины туршилтууд амжилттай болж байгааг онцолжээ.
2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 6,615 хүүхэд халдвар авсан нь тогтоогджээ. Хэдийгээр Ковид хүүхдэд цөөн халдварладаг, бага хүндэрдэг, цөөн нас бардаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл ийм өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдүүдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Тиймээс намар хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ САНАЛ
Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс дараах саналыг холбогдох газруудад хүргүүлэв.
- 5 сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг ЗГ-аас шийдвэрлэх
- 6-7 сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах
- 9-10 сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх