Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарын тус тус бүртгүүлэх хүсэлтүүдийг хэлэлцээд намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэн хэн хэнийг нь бүртгэхээс татгалзсан.
Үүнтэй зэрэгцэн өмнөх дарга С.Эрдэнэ өөрийгөө даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлт гаргасныг зөвшөөрөөгүй байна. Одоогоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цонх хоосон хэвээр байна. С.Эрдэнэ, М.Тулгат нарын талаас Ардчилсан намын Үндсэн дүрмийн болон Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн бүртгүүлэх гэж оролдсоныг дээд шүүхийн шүүгчид хүлээж аваагүй юм. Тус намын өмнөх их хурлаар байгуулагдсан Б.Мягмардаш даргатай Үндсэн дүрмийн хороо, И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрх хэвээр бөгөөд тэд намынхаа удирдлагатай холбоотой үл ойлголцолд цэг тавих аж.