Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс сэргийлэх, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн.
Улсын төсвөөс эдгээр арга хэмжээнд шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, нэн ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гадны нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа гэв. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.