Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр тус холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
"Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна. Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна.
Цар тахлын үед энэ хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин сануулж, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд цар тахлын үеийн дүрмийн дагуу хүргэж өгөөд ирлээ. 50-60%-ийн цалин өгч байгаа аж ахуйн нэгжүүд өнөөдөр их байгаа. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл нөлөөлж байгааг хэлмээр байна" гэлээ.