УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-Хөл хорионы хугацаанд аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих вэ?
-Шадар сайд С.Амарсайхан: Иргэн, аж ахуйн нэгжүүдийн ажил амаргүй нөхцөлд жил гаруй боллоо. Засгийн газраас бүх боломжит хэлбэрээр шаардлагатай дэмжлэгийг олгохоор хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал, эрчим хүч, дулааны төлбөрийг нь чөлөөлөх, 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгүүллээ. Цаашид энэ арга хэмжээнүүд үргэлжлээд явна. Харамсалтай нь хаврын ид бүтээн байгуулалтын үед хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Цаашид Засгийн газрын бодлого бүх л чиглэлээр эдийн засаг, нийгмийн бодлогоо зогсоохгүй байхад анхаарч арга хэмжээгээ үргэлжлүүлнэ.
-Хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох уу?
-Шадар сайд С.Амарсайхан: Хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэдэд санхүүгийн дэмжлэг олгох эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. Өмнө нь хөл хорио тогтоох үеэр, Оюутолгой компанийн төлөх ёстой байсан татварын орлогоос иргэддээ тус бүр 300 мянган төгрөг хуваарилсан.
-Спутник-V вакцины нэг сая тун худалдан авах гэрээ байгуулснаас хойш хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна?
Шадар сайд С.Амарсайхан: Вакцины гэрээг хийсэн бөгөөд татан авах хуваарь эцэслэгдээгүй. ОХУ-аас тодорхой хуваарь ирүүлсний дараа татан авахад бэлэн байна. Ойрын хугацаанд татан авах бололцоо бүрдэнэ гэдэгт найдаж байна. Татан авах, худалдан авах ажиллагаа амаргүй нөхцөлд явагдаж байгаа ч Засгийн газар, УОК-оос аль болох вакцины нийлүүлэлтийг таслахгүй байхад анхаарч ажиллана