Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Оюунгэрэл ХҮН-аас ерөнхийлөгчид дэвшиж Х.Баттулга, У.Хүрэлсүх нарт сюрприз барих уу?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 27 секунд

"Их тулааны өмнөх нам гүмийг ХҮН-ынхан эвдэж Ц.Оюунгэрэлийг нэр дэвшүүлэх нь"

"Ковид"-оос шалтгаалаад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан өмнөтгөл улс төрийн акцууд тун бага, туйлын нам жим байна. Өмнөх сонгуулиудаар энэ цаг үед аль хэдийнээ иргэд АН, МАН-аараа хуваагдчихсан. Хэрүүл уруул, улс төрийн жагсаал цуглаанаа Сүхбаатарын талбай нь "даахааргүй" болчихсон байдагсан. Энэ жилийн хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин дэвших үү, цэцийн асуудал яах вэ гэдгээс өөр онцын сонин зүйл огт алга. Бүгд л хөшигний ард уугиж байгаа бололтой. МАН-аас бол намын дарга нь сонгуульд явах нь тодорхой болчихсон. Намынхандаа элдэв үүргээ өгөөд намынхаа дотоод ажлыг бэлдсээр суугааг эх сурвалжууд онцолж байна. Хувь хүмүүс нь зузаан ч гэсэн нам хоорондын том тулаан болно. Нэг нь ялагдвал намгүй, нөгөөх нь ялагдвал замгүй л болох болов уу.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажил ёстой л нөгөө "жигдрэх юмандаа орж" жинхэнэ улс төрийн сенсааци дэгдээх гэж байгаа сурагтай. Тодруулбал, өмнө нь яригдаж байсан хувилбар болох АН-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг ХҮН-ынхан нэр дэвшүүлэхээр өнгөрсөн долоо хоногт хийгдсэн яриа хэлэлцээрүүдээр урьдчилсан байдлаар эцэслэн тохирсон гэнэ.

Хэрвээ ХҮН-аас Ц.Оюунгэрэл нэр дэвшвэл санал маш хүчтэй байдлаар 3 хуваагдана. 4 ч хуваагдах боломжтой. Тэр тусмаа ХҮН-д ашигтай. 2017 оны сонгуулиар нэр дэвшсэн 3 хүнд эхний санал хураалтад бараг л ойролцоо тооны санал өгсөн. Хоёр дахь шатны санал хураалтад ЦАГААН СОНГОЛТ буюу хэнийг нь ч дэмжих гэдгээ 99 мянга 494 иргэн илэрхийлсэн. Үүний ачаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ердөө 114 мянган хүний саналаар илүүрхсэн.

Ц.Оюунгэрэл ХҮН-аас нэр дэвших нь Х.Баттулгад ХАМГИЙН ХОРТОЙ

Ц.Оюунгэрэл ХҮН-ээс нэр дэвшлээ гэхэд хэний саналыг хамгийн их хуваах вэ гэдгийг хамгийн түрүүнд тооцоолж үзье. Мэдээж АН-аас нэр дэвших Х.Баттулгын саналыг хамгийн ихээр хуваана. Нэгдүгээрт, Ардчилсан нам одоо хүртэл хоёр хэсэг хуваагдчихсан. Бодлого тодорхойлогчид нь нэг, нэг хүн дагаад хоёр тийшээ хараад суучихсан, хоёр талд намын даргаа сонгоод Монголоор л нэг онигоо болж дууслаа. АН-ын 2016 оноос эхэлсэн талцал, хуваагдлаас шалтгаалж намын гишүүд нь ч, цагаа тулахад АН-д саналаа өгөх байсан "хөвөгч" сонгогчид нь ч Х.Баттулгад өгөх саналаа татах болно. Тэд татсан саналаа хэзээ ч МАН-аас нэр дэвших У.Хүрэлсүхэд өгөхгүй. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгууль шиг МАН ковидоор нэмэх оноо цуглуулчихсан байсан бол Х.Баттулгаас харамласан саналаа МАН-д нүдээ аниад өгчих байсан байх. Гэтэл энэ жил МАН-д ковид гавьяа биш, гай тарихад бэлэн болчихоод байна.

Хоёрдугаарт, эмэгтэйчүүд Ц.Оюунгэрэлийг дэмжих магадлалтай. Яах вэ, өмнөх сонгуулиудаар эмэгтэй сонгогчид эмэгтэй нэр дэвшигчиддээ саналаа өгдөггүй гэсэн хандлага байсан. Одоо бол цаг өөр болсон. Дэлхий нийт хүртэл эмэгтэй удирдагчдыг эхнээсээ сонгоод, итгэл үзүүлээд эхэлчихлээ. Манай эмэгтэйчүүд ч гэсэн сүүлийн жилүүдэд жендер, тэгш эрх, төрийн хэрэгт эмэгтэйчүүдийн энэ оролцоо зэргийг ярьж хэлээд эхэлчихсэн. Шат шатны сонгуулиудад намууд эмэгтэйчүүдэд квот олгож, Засгийн газартаа ч гэсэн эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулж байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ хүртэл энэ жишгийг дагаж, өмнө байгаагүй олон эмэгтэй сайдтай болчихлоо. АНУ анх удаа эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй болов. Солонгос эмэгтэйчүүддээ итгэл үзүүлээд эхэлчихсэн, Герман эмэгтэй удирдагчаа маш олон жил тогтвортой ажиллуулж байгаа, тэр ч бүү хэл цэргийн дарангуйлалтай БНАСАУ хүртэл Ким даргыгаа "байхгүй" болбол эмэгтэй удирдагчтай болох магадлалтайгаа удаа дараа харуулж, эмэгтэй дүүг нь онцолж байна. Энэ нь юу өгүүлж байна вэ гэхээр даяаршиж буй дэлхий нийт эмэгтэй удирдагчийг шинэ соргогоор хүлээж авах хандлагатай болчихлоо. Манайх ч энэ жишгийг дагахгүй гэх газаргүй.

Гуравдугаарт, яаж жишигдэж сонгогддогийг яруу тодоор харуулна. Женко, Хүүк гээд хэнд нь ч итгэхгүй болсон иргэд 6-р сарын 9-ны өдөр "өшөөгөө аваад" ХҮН-ээс дэвших Ц.Оюунгэрэлд саналаа өгчихөөд гараад ирэх туйлын магадлалтай. 2017 оны сонгуульд иргэд "3 муу хүн өгчихөөд нэгийг нь сонго гээд байна", "Сонголтгүй сонгууль" гэсээр аргаа барахдаа арай гайгүй мууг нь сонгосон. Ямартаа л цагаан сонголт хийж өөрсдийгөө жаахан ч гэсэн тайвшруулаад өнгөрсөн. Тэгвэл энэ удаад Ц.Оюунгэрэл муу гэдэг ангилал руу нь орохгүй. Хувь улстөрчийнхөө хувьд ч нэр нь төдийлөн унаж амжаагүй, 2016 оны сонгуулиас хойш нийгэмд өөрийнхөө "дүр"-ийг тун давгүй бүтээж ирсэн болохоор Ц.Оюунгэрэл "байгалиараа" ч дэмжлэг ихтэй хүн. Одоо бол иргэд Х.Баттулгад эхнийх шигээ итгэхээ байсан. Өнгөрсөн хугацаанд ажилласан ажил, арга барил нь олон нийтэд таалагдаагүй. Мань хүн ч дорвитой томоохон ажил цөөхнийг бүтээлээ. Хурандаагийн хувьд яг жилийн өмнөх нэр хүнд одоогийн нэр хүнд хоёр нь газар тэнгэр шиг зөрүүтэй болсон. Ковид дотооддоо алдсан цагаас эхлээд МАН тасралтгүй улс төрийн оноо алдсаар өнөөдрийг хүрсэн. Үүнийг тооцоолж У.Хүрэлсүх сиймхий гарсан дээр нь засгаа юүлж, өөр сэлгээнд суусан. Сонгуульд явах гээд эртхэн "үсэргээтэй" ажлаа өгсөнд нь иргэд дургүйцэж, "зугтаад явлаа, сонгуулиа бодлоо" гэж шүүмжилсээр л байгаа. МАХН-ын хувьд яаж ийгээд МАН-ыг дагаад намирах нь ойлгомжтой биз. Н.Энхбаяртай авцаа, өгцөө дээрээ л тохирохгүй сунжираад байгаа хэрэг. Үгүй юм аа, гэхэд МАХН "Босоо"-гоо дэвшүүлэхэд л МАН-ын саналыг тултал нь хуваагаад Ц.Оюунгэрэлд бүр илүү боломж үүсгэнэ.

Женко, Хүүк хоёр дундаа нэг Ц.Оюунгэрэл гэдэг "шүдний өвчинтэй" болох нь

Товчоор хэлбэл Ц.Оюунгэрэл гэдэг "шүдний өвчин" энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрт үүсэв бололтой. Өмнөх 7 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалаас өөр эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байсангүй. Н.Удвал ч ялах биш, Б.Бат-Эрдэнэ аваргын саналыг хуваах зорилгоо арай ядан биелүүлээд л дууссан түүхтэй. Ц.Оюунгэрэлийн хувьд 2016 оноос хойш л Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ хувиараа базааж явсан кандидат. Х.Баттулга гэдэг хүн байгаа цагт намаасаа нэр дэвших боломжгүй. Үүнийг ч нам нь харуулж, намын даргын сунгаанаас мулталж, бас сонгосонгүй.

Тиймээс түүнд боломжийн санал, давгүй залуусаар хүрээллээ бүрдүүлсэн ХҮН-ынхантай ойлголцоход хүргэсэн биз. Тэр нь ч улстөрчийн хувьд зөв л нүүдэл шдээ.

Г.Лхагвадорж

Мориор төрөө удирдуулья
Мориор төрөө удирдуулья
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.