Олимпийн аварга Н.Түвшинбаяр багийн найзаа зодон хүнд гэмтээж олон түмнийг маш их гомдлоо. “Түмний хайр хүндэтгэлийг даасангүй” “бөхийн жудгаа умартлаа”гэж ирээд л дайрсан, шүүмжилсэн уртаас урт постууд цахим сүлжээгээр хөвөрч байна. Монголчууд өөрсдийгөө бөхөд хайртай ард түмэн гэдэг. Ер нь дэлхийн бүх улс үндэстэнд өөрийн гэсэн үндэсний хайртай спорт байгаа болов уу. Гэхдээ тэд тамирчдынхаа хөлсийг долоодоггүй, алгадуулбал адис авлаа гэдэггүй, хотын дарга, ерөнхий сайд бол бүр болгохгүй. Харин Монголд Ерөнхийлөгч, хотын дарга, УИХ-ын гишүүн, аймаг сумын засаг дарга гээд дүүрэн бөхчүүд нийгмийн оюун санааг манлайлж, улс орныг удирдаж байх жишээтэй. Энэ жишгээр бол АНУ-ыг НБЭ-гийн харууд, европыг аваргуудын лиг, японыг сумочид, хятадыг ширээний теннисчид нь удирдах ёстой.
Гэвч соёлт хүн төрөлтхөн хөдөлмөрийн хуваарьтай. Сайн бөх бол сайн л бөх. Гэтэл бид спортын үнэлэмжээс нь давсан хийморь лүндээ, өв уламжлал зэрэг хийсвэр ойлголтонд мухраар хөтлөгдсөөр. Бөхчүүдээ бараг л амьд овирваань лугаа адил мөргөх нь холгүй хөөргөсөөр зүй ёсны энгийн харилцаанаас тасалж орхижээ. Ухаан алдталаа алгадуулчихаад “аваргаасаа адис авч хийморь сэргэлээ” гэж тэнэглэнэ. Агсам согтуу тавихаар ааг бяртай өнгөтэй барилдахын бэлгэдэл ч гэх шиг. Энд тэнд хийсэн зодоон цохионыг нь амнаас ам дамжин ярьж домогжуулна. Бараг л херкулэсийн домог шиг шагшран магтана.
Ерөөс аливаа зүйл байх ёстой байрнаасаа халихаар утгаа алддаг. Өнөөдрийн бөхчүүдийн овилоггүй ааш, жудаггүй зан бол манай нийгмийн мухар сүсэг, уламжлалаа зүй бусаар дэлгэрүүлж хөгжүүлж байгаагийн үр дүн. Өөр спортын жирийн нэг тамирчин ийм хэрэг хийсэн бол нийгмээрээ ингэж хөөсрөхгүй. Ингэж хөөсөрч байгаагийн эсрэг талд яг тэр хэмжээний мухар сүсэг байгаа хэрэг.
Асуудал таталсан анхны бөх Н.Түвшинбаяр биш. Энэ явдлаас хэдхэн сарын өмнө Улсын аварга Э.Оюунболдод мөнгө зээлдүүлсэн иргэн О түүнд зодуулаад, мөнгөө авч чадахгүй, цагдаа, шүүхээр яваад дийлэхгүй байгаа тухайгаа ярьсан. Гэтэл түүнийг шалгадаг, хариуцлага тооцдог хууль хяналтын байгууллага гэж алга. Допинг хэрэглэсэн нь тогтоогдож шүүхээс цолыг нь хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан боловч Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч хариу өгөлгүй жил тойрч байна. Замын цагдаа зодсон, бааранд зодоон хийсэн, хоорондоо зодолдсон гээд ойрын хугацаанд тавьдаргүйтсэн бөхчүүдийн жагсаалтыг гаргавал уртаас урт үргэлжилнэ.
Жирийн нэг иргэн, эсвэл өөр спортын тамирчин хүнийг согтуугаар хүнд гэмтээсэн бол баривчлагдаад, 461-т саатуулагдах хүртэл нэг их удахгүй. Гэтэл Н.Түвшинбаяр согтуу машинаа унан зугтаж, хувийн эмнэлэгт хонож, маргааш нь байцаалт өгөөд саатуулагдахгүй нууц хаалгаар гараад явсан байх жишээтэй. Э.Оюунболдыг Монголын шүүх, цагдаа хайгаад олохгүй 5 жил болж байгаа гэдэг. Ийм поседион бурхан шиг чигээрээ, дураараа хүмүүсийг бид мухар сүсгээрээ бүтээсээр байна
Философич С.Молор-Эрдэнэ “Ерөнхийдөө сурлага муутай, хичээл хийх дургүй, залхуу , том биетэй, ховдог, гэрийнхээ хамаг хоолыг иддэг нэг иймэрхүү л хүүхдүүд бөх болдог биз дээ. Дунд сургуулиа арай гэж төгссөн болоод арай гайгүй нь биеийн тамирын анги, ихэнх нь бөхийн сургууль, за тэгээд болохгүй нь цэрэгт явна. Ирээд том том газар чирсэн дээлтэй, архи ууж, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудад орж хүн зоддог. За, тэгээд энд тэнд аймгуудад хэчнээн ч олон авгайтай байдаг юм” гэж нэгэнтээ хэвлэлд ярьсан удаатай. Хэтрүүлэл бий ч энэ бол бодит байдлаас нэг их холгүй яриа. Бөх гэхээр жудагтай, нуруутай хүн сүсгээр төсөөлөгддөг бол амьдрал дээр аархсан, дээрхсэн, бүдүүлгээ гайхуулсан улсууд түгээмэл таарна.
Бөхчүүдийн нөгөө талд уяачдийн мафижсан сүлжээ шахуу бүлэглэл байна. Улс төрч судлаач Д.Бадамдаш “Монголын хамгийн том нам бол морин спорт уяачдын холбоо” гэж мөн хэвлэлд ярьсан байдаг. Мөн л Монголчуудын уламжлалаа зүй бусаар хөгжүүлдэг, мухар сүсгийн өрөөсөн дугүй. Улс үндэстэн бүр уламжлалтай. Гэхдээ уламжлалыг санаж, хамгаалах түвшинд л байдаг болохоос манайхан шиг зүй бусаар дэлгэрүүлэн хөгжүүлж ирээдүйгээ хөнөөдөггүй. Өчигдрөөс илүү маргаашаа шинжилж хүний ертөнц урагшилдаг. "Уламжлал ёс заншлыг эргэж сэргээнэ гэдэг шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг. Эргээд өнгөрсөн рүүгээ орно гэсэн үг" гэж Адмон группын Ерөнхийлөгч Р.Энхбатын ярьсныг энд эшлэе.
Хүн төрөлхтөн мэдлэг боловсрол, шинжлэх ухаанд тулгуурлан хөгжиж байгааг нотлохын тулд их зүйл бичих хэрэггүй. Бид бөхчүүд, уяачдаа тэдний зиндаанд залж хүртэх ёстойгоо хүртэж суугааг нотлоход мөн л их зүйл бичих шаардлаггүй. Одоо ч хэдэн бөхчүүдийнхээ тарийг таньж эхэллээ. Бөхөөр төрөө удирдуулаад болсонгүй. Мориор удирдуулах л үлдэх шив дээ.