Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хүн худлаа ярихаараа нүүрээ их мааждаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 16 секунд

Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. “Та нар миний худлаа ярихыг харсан уу? Би дандаа үнэн ярьдаг” гэж ирээд л хэлмэгдсэн иргэдийнхээ төлөө ярьж гарлаа. Энэ зуур УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудсаараа “Хүн ч тэгээд их худлаа ярихаараа нүүр амаа хамуурчихсан мэт мааждаг нь шинжлэх ухаанаар тогтоогдчихсон эд дээ” гэж “ичгүйргүй жиргэжээ”.  Худлаа ярьдаггүй ээ гээд байхад л ингэж гүтгэх.. Сайд Ц.Нямдорж бол худлаа хэлэх хүн биш гэдэг нь өөрийнх нь амаар нотлогдож байгаа тул түүнд итгэж болсон зарим үйл явдлыг тайлбарлах гээд үзье.

Хууль зүйн сайд хэргийн мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэрт нөлөөлдөггүй гэж хамгийн их ярьдаг Ц.Нямдорж маань С.Зоригийн хэргийг дөнгөж мөрдөж байхад “наадах чинь худлаа шүү” гэсэн албан тоот илгээснээ хэлжээ. Шүүхээр эцэслээгүй сэжигтнээр татаад явж байгаа хэргийн мөрдөн байцаагчид “алдаа гараад байна хүн хэлмэгдүүлээд байна“ гэсэн бичиг явуулах нь нөлөөлөл биш өөр юу юм гэж та бодож магадгүй.  Ц.Нямдорж худлаа хэлэхгүй тул энэ бол нөлөөлөл биш. Анхан шатны шүүх шийдвэрээ ч гаргаагүй байхад “худлаа шийдэх гэж байна” гэж хэвлэлээр, бүлгийн хурал дээр ярьсан нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого огт биш. Хэлмэгдээд байгааг нь мэдээд байгаа юм бол хэргийн талаар илүү нарийн ширийнийг мэднэ гэж та нар хардах нь уу. Тийм зүйл ерөөсөө байхгүй шүү.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар сэтгүүлч Б.Мөнхбаясгалан цензургүй мэтгэлцээн зарлахад прокурор Г.Эрдэнэбат гүйгээд очсон харин Ц.Нямдорж сайд очоогүй. Очихыг маш их хүссэн ч замын түгжрэлээс л болсон гэж бодоорой. Ямар ч хамаагүй аргаар түүнд итгэх нь энэ нийтлэлийн зорилго болой.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нар бол эрүүдэн шүүлтийг захиалагч айхтар муу хүмүүс мөнөөс мөн. Харин Ц.Содномдаржааг зодсон хүмүүс ялангуяа Ц.Амгаланбаатар бол энэ хэргийн гэрч. Зүйрлэвэл тэртээ 23 жилийн өмнө С.Зоригийг гардаж хутгалсан хүмүүс бол гэрчүүд. Харин захиалагчид бол гэмт хэрэгтэн. Яг ингэж л ойлгох хэрэгтэй.  

Б.Хурц, Г.Эрдэнэбат нар хэргийг бүхэлд нь ил болгоод өгөөч гэж бүтэн жил гүйсэн. Сайд маань гэртээ зурагтгүйг бүгд мэднэ. Тийм болохоор сонсоогүй нь лавтай. Харин тэднийг шоронд орж ярих аргагүй  болсны маргааш хэргийг ил болгосон нь цэвэр тохиолдол. Одоо хэргийн нууцаас өөртөө ашигтай баримт, видеогоо олон нийтэд үзүүлээд харин прокурор, мөрдөгч нар яллах талын баримтаа хамгаалж чадахгүй шоронд дэмий л тэрчилнэ гэж та бодож магад. Зүгээр л ингэж бодохоо боль. Ц.Нямдорж худлаа хэлдэггүй учраас та буруу бодож байгаа хэрэг. Хавтаст хэрэг, нотлох баримтаас устах вий гэсэн Г.Эрдэнэбат прокурорын яриа бол зүгээр л хардлага. Хар гэдэг чинь өвчин. 

Ер нь ч тэгээд нотлох баримт алга болбол тэр нь зөвхөн сайн сайхны төлөө гэж ойлгох ёстой. Сайд маань улс орныхоо сайн сайхны төлөө л гэж явдаг хүн. Ямар сайндаа УИХ-аар батлагдаад гарсан хуулийг сайн сайхны төлөө засаж үүнийхээ төлөө аймшигтай хэлмэгдэн УИХ-ын даргаас огцорч байх вэ дээ. Бүх ард түмнийг төлөөлөх бүрэн эрхтэй 76 гишүүн Ц.Нямдорж сайдын шалгуурт тааруулж хуулиа батлахгүй бол орондоо ч хамаагүй засаж л таараа шүү дээ. Өөрөө хэлмэгдлийн зовлонг  амсаж огцорч явсан  учраас ижилхэн хэлмэгдсэн хүмүүсээ үргэлж хамгаалж ирсэн юм. Анх удаа ил дугарч байгаа нь Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг болохоос биш хэлмэгдсэн, эрүүдсэн бүх хүний төлөө сүүлийн 30 жилийн турш  ариун цэврийн өрөөндөө тэмцэж ирснийг ойрын хүмүүс нь гэрчилнэ. Түүнийг хуулийн сайдаар ажилласан 14 жилийн хугацаанд НҮБ-ын хүний эрхийн хорооноос эрүүдэн шүүлт, хүний эрхийн зөрчилтэй холбоотой үй түмэн бичиг ирдэг байсан нь худлаа.

Цаашлаад танхимын сайд асан Д.Сарангэрэлийн ТВ5, Засгийн газрын PR зөвлөх А.Амундрагийн Ийгл ТВ, МАН-ын хэвлэлийн дарга А.Энхзулын 25-р суваг телевизийн гурван сэтгүүлчийг өрөөндөө уриад нээлттэй ярилцаж чөлөөт хэвлэлийн шүүлтүүрээр орлоо. Заригийн Өнөрөө ордны гуанзанд хуушуурдаад, харин улаан балын Лодой клипэнд тоглоод завгүй байсан юм билээ. Тэгээд ч Ц.Нямдорж сайд маань ярилцах сэтгүүлчээ өөрөө сонгодог хүн. Хэн дуртайтай нь ярилцаад байх завтай хүн ч биш. Ингэж л жинхэнэ чөлөөт хэвлэлийн шүүлтүүрээр орно шүү дээ. Ямар ажилгүй Г.Эрдэнэбат шиг  цензургүй яриа, улаан балаар ороод хүнд асуултанд сийчүүлээд явах зав түүнд байгаа биш. 

Сайд Ц.Нямдорж эрдэнэт үйлдвэрт шахаа махаа хийсэн гэж ярихаа одооноос болих хэрэгтэй. Тэр зүгээр л хүүгийнхээ компанийг дэмжээд өгөөрэй л гэж хэлсэн юм билээ. УИХ-ын гишүүн сайд хүн ингэж хэлэхэд нь үйлдвэрийн захирал өөрөө нөлөөнд орохгүй л байх ёстой юм. Ямар нөлөөлөх гэж хэлсэн биш зүгээр л хэлж байхад. Шударга сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа ашиглалаа гэж гөрдөж яавч болохгүй.

Өөрөө сайд, хүү нь төрийн нарийн бичгийн дарга болоход түүний нөлөө огтхон ч байгаагүй. Аав сайд, хүү төрийн нарийн бичгийн даргатай Засгийн газрын танхим бол цэвэр мерит зарчмаар л байгуулагдсан. Ийм шударга ариун хүнийг худалч гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Ж.Ганбаатар гишүүн хүртэл хэлээд байгаа биздээ “нэгэндээ итгэ” гэж. Ц.Нямдорж сайд маань худлаа хэлдэггүй гэдгээ зарлалаа. Яагаад итгэхгүй байгаа юм та нар.

 

О.Цагариг

 

Уулнаас бурхан шашны эд өлгийн зүйлс олжээ
Уулнаас бурхан шашны эд өлгийн зүйлс олжээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.