Индонезийн Жакарта дахь үндэсний цагдаагийн төв байранд нэгэн эмэгтэй цагдаа нар руу халдсан тул буудуулан амиа алджээ.
Энэ тухай цагдаагийн дарга Листё Сигит Прабово хэлэхдээ, Закиах Айни гэгч 25 настай эмэгтэй 16:30 цагийн орчимд хашаанд байсан цагдаагийн ажилтнууд руу зургаан удаа буудсан байна. Эмэгтэй арын хаалгаар орж ирээд гол хаалганы хамгаалалтын пост руу алхаж, шуудан хаана байгааг асуусан тул цагдаа нар зааж өгчээ.
Жижүүр цагдаагийн алба хаагчдын сэтгүүлчдэд өгсөн видео бичлэгт эмэгтэйг гарандаа буу шиг зүйл офицерууд руу чиглүүлж байгааг харуулсан байна. Хэд хэдэн удаа буудсаны дараа цагдаа нар гал нээж, эмэгтэйг буудан хөнөөсөн аж.
Эрх баригчид түүнийг террорист бүлэгтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа гэнэ. Закиах Айни халдлагаас өмнө гэр бүлийнхээ “WhatsApp” группт салах ёс гүйцэтгэсэн байв. Энэ явдал Өмнөд Сулавеси мужийн төв Макассар дахь Ромын католик сүмийн гадаа эхнэр, нөхөр хоёр амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 20 хүнийг шархдуулснаас хойш гурав хоногийн дараа болжээ.
Эх сурвалж: Kyodo news