ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг "Спутник-V" вакцины эхний ээлж маргааш манай улсад ирэх юм. Спутник вакциныг Сөүлд хүргэсэн бөгөөд өнөөдөр Монгол Улсад авчрахаар төлөвлөсөн байв. Гэвч МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг цаг агаараас шалтгаалан нэг хоногоор хойшилсон байна. Улмаар тус нислэг маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр төлөвлөж байна.
Мөн дараа дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа аж. Ингэснээр иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакцинаас сонгож, дархлаажуулалтад хамрагдах боломж бүрдэж байна.
Тодруулбал,
- Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150.000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3112 эмч, ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.
- БНХАУ-аас Синофарм вакциныг 300.000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
- Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.
- Мөн АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.