Герман улсын Ульм хот орон гэргүй хүмүүсийг өвлийн хүйтэн шөнүүдэд дулаан хонуулах зорилгоор тусгай бүхээг зохион бүтээжээ. Энэхүү бүхээгийг орон гэргүй хүмүүсийн олноор цуглардаг гол цэгүүдэд байрлуулж эхэлсэн байна.
Тус хотод цаг агаар бусад хотуудаас харьцангуй хүйтэн байдаг тул орох оронгүй хүмүүст тус шинэ бүтээл нэн хэрэгтэй шийдэл хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа аж. Бүхээгүүд нь мод, гангаас бүтсэн бөгөөд ус нэвтэрдэггүй, түүнчлэн нарны эрчим хүчийг хуримтлуулан эрчим хүч гарган авдаг, харилцаа холбооны хэрэгслээр тоноглогджээ.
Бүхээг бүр тусдаа утасгүй интернетэд холбогдсон бөгөөд шаардлагатай үед автоматаар сайн дурынхныг дуудаж, цэвэрлэгээ хийлгэдэг байна. Мөн харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан холбогдох ажилтнууд бүхээгт хонож байгаа хүнээс шаардлагатай зүйл бий эсэхийг лавлаж асуух зориулалттай.
Бүхээгийн анхны загварыг зохион бүтээгчид хоёр жилийн өмнө танилцуулж байсан ч шаардлагатай сайжруулалтуудыг хийсээр өдгөө ийнхүү бэлэн болгон үйлдвэрлэж эхэлсэн байна. “Ульмийн үүр” хэмээн нэрлэсэн тус бүхээгүүд өдгөө анхны загвараасаа илүү бат бөх, салхи, уснаас бүрэн хамгаалалттай, агааржуулах систем сайтай, хоёр хүн унтах хангалттай зайтай, найдвартай цоожтой болжээ.