Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт нэгдүгээр сарын 24-ний 12.00 цагийн байдлаар 11 353 удаа газар хөдөлснөөс 64 нь 4.0 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байлаа.
Байгалийн энэ үзэгдэл нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш ийнхүү давтан үргэлжилсээр байгааг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Тус газар хөдлөлт нь голомтдоо VII-VIII баллын чичирхийлэл үүсгэсэн бөгөөд газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлжээ.
Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII баллын бүсэд хамаардаг. Энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байв.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.