БНСУ-д өндөр хоруу чанартай шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 18.8 сая шувууг устгалаа гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам өнөөдөр мэдээллээ.
БНСУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээс хойш “H5N8” вирусээр халдварласан 66 тохиолдол илэрснээс Сөүл хотоос баруун өмнөд зүгт 260 километр зайд оршдог галууны фермд хамгийн сүүлийн тохиолдол илэрсэн байна.
Эрх баригчид халдвар илэрсэн фермийн гурван километрийн радиус дахь шувуудыг устгах шаардлага тавьжээ. Шувууны томуугийн тохиолдлуудын 17 нь Сөүл хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид, 14 нь Умард Жёлла мужид бүртгэгджээ. БНСУ-д олон сая шувууг устгасантай холбоотойгоор сүүлийн үед өндөг, тахианы махны үнэ огцом өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт шинэ өндөгний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 25.9 хувиар, бүрж шарсан тахианы махны үнэ 10.6 хувиар өссөн гэж яамны мэдээлэлд тэмдэглэжээ.