Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр хэд, хэдэн удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон, энэхүү газар хөдлөлт Улаанбаатар хот болон Булган, Сэлэнгэ, Төв, Завхан аймагт мэдрэгдсэн тул Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэн, Барилга хот байгуулалтын яам хамтран мэдээлэл хийлээ.
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл: "Өнөөдөр дэлхийн аль ч улсын эрдэмтэн судлаач, ямар ч эрдэм шинжилгээний байгууллага хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж таамаглаад иргэдэд мэдээлэх хэлэх түвшинд хүрээгүй байна. Харин газар хөдлөлтийн үеийн аюулыг амжиж анхааруулах олон улсын технологийг зөвшөөрсөн арга бий. Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем байгуулсан, ажиллаж байгаа.
Улаанбаатар хотод аюул болох хэмжээний газар хөдлөлт болохоор бол хотын ойролцоо оршдог гурван голомтоос систем автоматаар ажиллан дуут дохио өгдөг. Дуут дохиоллын системийг бид газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. 2020 онд амжиж анхааруулах систем зөв ажиллаж байгаа эсэхийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид Онцгой байдлын ерөнхий газартай хамтран шалгахад хэвийн ажиллаж байсан. Одоо ч хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн газар хөдлөлт нь дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй.
Ногоон, шар, улаан гэсэн түвшинтэй. Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл анхааруулах систем ажилладаг. Газар хөдлөлтийг хэзээ нэгэн цагт эрдэмтэн судлаачид урьдчилан хэлж чаддаг болно. Одоохондоо тийм түвшинд хүрээгүй байна” гэлээ.