NBA: Леброн Жэймс, Кэвин Дурант нарын сүүлийн ривал

Ангилал
Спорт
Огноо
Унших
7 минут 5 секунд

NBA лигийн плэй-офф шатны эхний цувралд Лос Анжелес Лэйкерс болон Хьюстон Рокетс багууд учраа таараад байгаа. Энэ цувралыг чимэх зүйл нь бүх цагийн үеийн түүхэнд хамгийн шилдэгт тооцогдох Леброн Жэймс болон лигийн бүх цагийн шилдэг оноо түүгч Кэвин дурант нарын тулаан байх болно. Лигийн шилдэг 75 тоглогчийн тоонд багтсан хоёр эрхмийн сүүлийн тулааныг бид харж байж болзошгүй. Учир нь Леброн Жэймс 23 дахь улиралдаа тоглож байгаа бол Кэвин Дурант 19 дэх улирлаа өнгөрүүлж байна. Карьерын төгсгөлд тэдний хийх тулаан хэрхэн өрнөх бол. Леброн Жэймс хоорондын цувралын харьцааг тэнцүүлэх үү эсвэл Кэвин Дурант түүнийг дийлсэн амжилтаа бататгах уу гэдгийг харах үлдлээ. Гэхдээ гол учир нь хэн нь ялж, ялагдах нь чухал бус сагсан бөмбөгийн хамгийн агуу тоглогч, хамгийн шилдэг оноо авагчийн ривалыг дахин үзэхэд оршиж байгаа юм.

Леброны анхны аваргын цом Кэвин Дурантын оргил үеийн эхлэл

Бүсийн аваргын төлөө Миайми Хит Бостонтой 7 тоглолт гаргаж финалд шалгарав. Бостонд бүх зүйл байсан ч Леброныг зогсоох нэгэн байхгүй байсаар цувралд ялагдал хүлээв. Харин нөгөө талд Сан Антионо Спөрс багийг финалд шалгарна гэж байсан ч залуу бүрэлдэхүүнтэй Оклахомагийн залуус дөрөв дараалан ялж тэднийг мултлав.

Ингээд ид үедээ яваа Леброн Жэймс болон Кэвин Дурант нар финалын шатанд анх удаа учраа таарав. Аваргын цувралд Миайми Хит 4-1 харьцаатайгаар ялж Леброн Жэймс анхны аваргын цомоо өргөв. Түүний хувьд финалын цувралд 28.6 оноо, 10.2 самбар, 7.4 ашигтай дамжуулалт дунджилсан байдаг. Харин Кэвин Дурант довтолгоо хамгаалалт төгс багийн эсрэг 30 оноо дунджилсан. Тэр үеэс Кэвин Дурант бүх оддын түвшинд тэр дундаа Леброны дараагийн өрсөлдөгчийн хэмжээнд яригдах болов.

Кэвин Дурант Голден Стэйт Уарриорс багт нэгдэж хоёр удаа Леброныг буулгаж авав

Леброн Кливленд хотноо буцан ирж 2016 оны финалд 3-1 гэсэн хар нүхнээс эргэн ирж аваргын цомыг өргөв. NBA лигийн түүхэнд 32 удаа хар нүхнээс эргэн ирэх оролдлого болж байсан ч Леброн Жэймс үүнийг анх бодит болгож өөрийн карьеараа эхлүүлсэн хотдоо аваргын цомыг авч ирэв.

Харин үүний дараа Кэвин Дурант Оклахомагаас явж Стефен Карри тэргүүтэй Голден Стэйт Уарриорс багт нэгдэж дахин шинэ ривалыг эхлүүлэв. Гарааны 5-н тоглогч нь бүх одод хэмжээний Голден Стэйт Уарриорс зогсоогдошгүй байж 2017 болон 2018 онд аваргын цомыг өргөсөн. Ийнхүү шилдэг бүрэлдэхүүн дээр шилдэг оноо түүгч ирсний хэрэг биелж Кэвин Дурант хоёр удаа Леброныг буулган авч аваргын цом өргөсөн байдаг.

Финалын өрсөлдөгчид Олимпын наадмын алтан медалийг зүүв

Тэд мэдээж мөнхийн өрсөлдөгчид байгаагүй. 2012 оны Олимпын наадамд хамтдаа улсынхаа төлөө зүтгэж алтан медалийг хүртэж байсан. 2008 оны Олимпын наадамд Коби Брайнт багийн лидерийн үүргийг гүйцэтгэж тэд алтан медаль хүртсэн. Харин 2012 онд энэ үүрэг Леброн Жэймсд ирсэн. Анхны финалдаа өрсөлдсөн тоглогчид хэдхэн сарын дараа багийн хамтрагчийн дүрээр талбайд гарав. Леброны багаа удирдах чадвар Дурантын оноо авах чадвар бүх өрсөлдөгчдөө өмнөө сөгдүүлж Олимпын наадмын алтан медалийг авч ирэв.

Тус наадамд Леброн Жэймс 13.5 оноо, 5.6 самбар, 5.6 дамжуулалт гүйцэтгэж 60 хувьтай довтлов. Мөн triple-double гүйцэтгэсэн анхны Америк тоглогч болсон байдаг. Харин Кэвин Дурант 19.5 оноо, 5.8 самбар, 2.6 дамжуулалт дунджилсан ба АНУ-ын багийн онооны лидер болж гялалзав. Тэд хамтдаа эв нэгдлийн Олимпын наадамд хамтдаа талбайд гарсан анхны бөгөөд сүүлийн мөч болон түүхэнд үлдэж байна.

Гал гарсан цувралд хэн нь илүүрхэх бол

2018 оноос хойш хоёр тоглогч плэй-офф шатанд таарахгүй явсаар ийнхүү таарч байна. Харин эхний шатанд таарч байгаа анхны тохиолдол юм. Багийн бүрэлдэхүүний талаар хамтдаа задалж үзье. Лос Анжелес Лэйкерс багийн хувьд довтолгооны гол тоглогчид гэмтээд байгаа. Багийн лидер Лука Дончич шөрмөс, Остин Рийвс хэвлийн булчингийн гэмтэл авсан. Лэйкерсийн дасгалжуулагч Ж.Ж Реддик эхний цувралд уг хоёр тоглогч оролцох эсэх дээр нааштай хариу өгөөгүй. Бэртлийн байдлыг харвал эхний цувралын төгсгөлд Лука Дончич эргэж ирэх магадлалтай. Мэдээж довтолгооны гол сонголтууд байхгүй болсон нь Лэйкерс багт том сул тал болно. Тэгэхээр тэдний хувьд довтолгооны гол сонголтууд эргэж иртэл үлдсэн бүрэлдэхүүнээр илүү тогтсон, хувилбар сайтай тоглолт үзүүлэх хэрэгтэй байна. Лэйкерс тоглолтын хэмнэлийг аль болох удаан байлгаж, самбартай илүүрхсэн тоглолт үзүүлэх хэрэгтэй. Мөн бөмбөг алдалтаа багасгах асуудал байгаа. Мөн алсын зайн шидэлт тэдний давуу тал болох учиртай. Хувьчилж үзвэл 40 орчим хувьтай алсын зайн шидэлт хийж байж хожил зулгаах боломжтой.

Харин Хьюстон Рокетс баг сүүлийн 10 тоглолтод 9-н хожил байгуулсан. Яг одоогийн бүрэлдэхүүнийг харвал Рокетс илүү өргөн бүрэлдэхүүнтэй, бас хурдтай, залуу баг нь байна. Хамгаалалт довтолгоо жигд залуу багийн бүрэлдэхүүнд бүх цагийн үеийн шилдэг оноо авагч Кэвин Дурант ирснээр тэднийг аваргын хэмжээнд өрсөлдөх баг болгосон. Тэд ч өрнөд бүсэд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж улирлыг 52-30 амжилттайгаар дуусгасан байдаг. Харин энэ цувралд бүх зүйл тэдний талд байна.

Ж.Анударь Ази тивийн аварга боллоо
Ж.Анударь Ази тивийн аварга боллоо
 
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 дахь өдрөө үргэлжилж байна
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 дахь өдрөө үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!