Урд шөнө дэлхий даяар коронавирусийн улмаас 13395 хүн амь насаа алдсан байна. Хэдийгээр вакцин гараад хагас сар болж буй ч АНУ-д 3343, ОХУ-д 562, Бразилд 1075 нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нийтдээ 117 улсад 1-800 хүртэлх байдлаар нас баралт бүртгэгдэв.
Ийнхүү цар тахал дэлхий нийтийг цочирдуулж байхад манай улсад иргэдийн санаатай, санаандгүй үйлдэл халдварыг тархаах шалтгаан болж байна.
ЭМЯ-ны мэдээлэлд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр зарим халдвар тархсан үйлдлүүдийг хэлж, иргэдэд сэрэмжлүүллээ.
- Иргэн О-гийн буяны ажилд 40 гаруй хүн оролцсон байна. Үүнээс 6 хүний PCR шинжилгээнд коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Тиймээс хөл хорионы үед буяны ажилд аль болох цөөн хүнийг хамруулах шаардлагатай байгааг хэллээ.
- Нэгэн иргэн төрсөн өдөртөө 20 гаруй хүн урьж оролцуулсан байна. Тэдний нэг хүнээс коронавирус илэрсэн байна. Тиймээс шинэ жилийн арга хэмжээнд олуулаа оролцуулахгүй байх, аль болох баяр ёслол тэмдэглэх гэж олноор цуглахгүй байхыг анхаарууллаа.
- Шижигтэй тохиолдолтой хавьтал болсон хүн онлайнаар гар утасны худалдаа зохион байгуулсан байна. Тиймээс аль болох онлайн худалдаа хийхгүй байх, гэрээр хүргэлтээр худалдан авалт хийхдээ болгоомжтой хандаж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг санууллаа.
- Нэг хүн 3 найзтайгаа архи уусан. Тэр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох, ахуйн хүрээнд архидахгүй байхыг анхаарууллаа.