Олон улсын жүдо бөхийн холбоо 2019-2020 оны шилдгүүдийг нэрлэжээ. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор календарт тэмдэглэсэн олон улсын тэмцээнүүдийн зарим нь цуцлагдсан билээ. Хэдийгээр цар тахлын оргил үед шийдвэр гаргаж аравдугаар сарын 23-25 нд Унгарын Будапешт хотноо Их дуулга тэмцээнийг зохиосон ч олимпын эрх олгох оноонд ихээхэн нөлөө үзүүлэх тул 61 орны 405 тамирчин халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн өрсөлдсөн нь энэ оны онцлох үйл явдал байлаа.
-Шилдэг дасгалжуулагч: Косей Иноуэ /Япон/ -1978 онд төрсөн. Тэрбээр 2000 оны олимпын наадмаас +100 кг-ийн жинд алтан медаль хүртэж байв. Тэр барилдаан бүрээ цэвэр ялалтаар дуусгасан юм. Тэрбээр олимп, ДАШТ, бүх японы аваргын алтан медальтай дөрвөн тамирчны нэг нь. Тэрбээр 2005 онд бэртэл авч, спортоос түр холдсон бөгөөд 2007 онд эргэж ирсэн. Тэрбээр 2008 онд бүх японы тэмцээнд ялагдал хүлээж олимпын эрх авч чадаагүй юм. Тиймээс зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр зодог тайлсан даруйдаа англи хэл сурахаар Их Британид хэсэг амьдарсан бөгөөд удалгүй Японы шигшээ багийн эрэгтэй хүнд жингийн дасгалжуулагчаар эргэн ирсэн юм. 2012 оны олимпын наадмаас Японы шигшээ баг хамгийн өндөр амжилт үзүүлж чадсан тул Косей Иноуэ шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болсон билээ.
-Жүдо бөхийн Энхтайваны шагнал: Аханистан дахь “Фредэд зориулсан жүдо”- Афганистанд олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн хүнд хэцүү цагт тэнэмэл хүүхдүүд, ядуу хүмүүст туслан, даван туулахад тусласан.
-Шилдэг жүдо бөхийн холбоо: Герман улсын жүдо бөхийн холбоо – Бүх нийтийн жүдо төсөл хэрэгжүүлсэн. Хүмүүсийг жүдогоор дамжуулан нэгтгэхийг хичээдэг. Германы хамгийн том хувийн хэвшлийн байгууллага AKTION MENSCH –тэй хамтран олон арга хэмжээ, төсөл хэрэгжүүлсэн. “Бүх нийтийн жүдо” төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан, тэгш оролцоог хангахад чиглэдэг.
-Олон нийтийн баатар: Пауло Парето -48 кг /Аргентин/- Паула цар тахлын энэ үед эерэг үлгэр дууриал үзүүлж байгаа. Тэрбээр жүдогоор хичээллэхээс гадна эмчийн мэргэжилтэй. Цар тахлын үед эмчийн ажлаа хийхээс гадна нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх үүднээс гэртээ хийж болох дасгалуудыг сошиал хуудсаар дамжуулан заадаг юм.
Парето 1986 онд төрсөн бөгөөд 9 настайгаасаа дүүгээ дагаж жүдогийн клубд очоод анх жүдогоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр хөлбөмбөгийн үнэнч фанат бөгөөд мэргэжлийн хөл бөмбөгчин болох хүсэлтэй байсан жүдогийн спортод амжилт гаргаж эхлээд энэхүү санаагаа орхижээ. Тэрбээр жүдогийн их спортын бэлтгэлийнхээ хажуугаар Буэнос Айресийн Их сургуульд анагаахын чиглэлээр сурч, 2014 онд төгссөн.
Түүний 2008 онд олимпын хүрэл медалийг хүртсэн түүх гайхалтай. Тэрбээр БНСУ-ын Пак Ок Сон тамирчинтай хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдсан ч түүний дасгалжуулагч гомдол гаргаж, бичлэгийг дахин үзсэнээр Паула ялалт байгуулсан нь батлагдсан юм. 2015 онд Дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, 2016 онд олимпын алт авсан юм.
-Хүүхдийн төлөө шилдэг үйлстэн: Плавио Канто /Бразил/ - Флавио Кантогийн байгуулсан дэвжээ ялангуяа Рио де Жанейрод олон жил үйл ажиллагаагаа явуулж, олон мянган хүүхдийг сайн сайхан амьдрал руу уруу татаж байгаа.
Флавио Канто нь Афины 2004 оны Олимпийн хүрэл медальт тамирчин. Канто Бразилтай дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн. Тэрбээр Панамын наадмын аварга цолыг 2003 онд хүртэж байсан юм. Жүдо бөхийн спорт, боловсролоор дамжуулан хүний хөгжил, нийгмийн хүртээмжийг сурталчлах Институто Рачао дэвжээгээ байгуулжээ. Флавио Канто (BRA) нь 2010 оны U81кг-ийн жингийн ахмадын IJF дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдсэн байв.
-Өсч яваа од: Тато Григалашвили -81 кг /Гүрж/
1999 онд төрсөн Гүржийн жүдоч Тато Григалашвили нь -81 кг-ийн жинд цахиур хаглаж байна. Тато 2020 онд Дюссельдорфод болсон "Их дуулга" тэмцээнээс алтан медаль, Европын U23 насны аварга цолыг хүртсэн бөгөөд их дуулга, гран при тэмцээнүүдэд амжилт үзүүлээд буй тамирчин юм.
-Шилдэг эмэгтэй жүдоч: Дариа Билодид -48кг /Украйн/
Тэрбээр 2000 онд төрсөн бөгөөд хамгийн залуудаа буюу 17 насандаа Дэлхийн аварга болж байсан тамирчин билээ. Аав, ээжийнхээ дасгалжуулалтаас дэлхийн дэмжээнд хөл тавьсан түүний хувьд оролцсон тэмцээн бүрдээ түрүүлдэг гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тэрбээр ДАШТ-ий хошой аварга юм. Дэлхийн чансаагаараа нэгдүгээрт жагсаж буй.
-Шилдэг эрэгтэй жүдоч: Чхвимиани Лухуми- 60 кг /Гүрж/
Тэрбээр 1993 онд төрсөн. Өнгөрсөн жил болсон Токиогийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тэрбээр гран при, гранд слам наадмуудын олон удаагийн аварга юм. 2019 онд л гэхэд Европын аварга, Тиблисийн гран прид аварга цол хүртээд байсан билээ.
-Шилдэг иппон: Саги Муки -81 кг /Израйль/
1992 онд төрсөн тэрбээр 2019 онд Токиод болсон ДАШТ-д түрүүлснээр Израйлийн анхны эрэгтэй дэлхийн аварга болсон юм. Тэрбээр 2015, 2018 оны Европын аварга, 2019 онд Тель Аливт болсон Европын аварга, Екатеринбургийн их дуулга, Бакугийн их дуулгын аварга юм. Тэрбээр ихэнх барилдаанаа цэвэр ялалтаар дуусгадаг бөгөөд тухай бүрдээ шилдэг иппоны эзэн болж байв.