“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон зарим нэр бүхий компанийн удирдлагын гэр, ажлын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл эл хэргийн талаар АТГ-аас тодрууллаа.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт “Эрчим хүчний үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгож хахууль авсан байж болзошгүй...” гэх хэргийг ЭХТА-ийн 22.1.1, 22.4.1, 22.5.1-т заасныг үндэслэн АТГ-аас 2023 оны 06 дугаар сараас эхлүүлэн шалгасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Эс Жи групп” ХХК аж ахуй нэгж нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамнаас цахилгааны шугам дамжуулах, дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл авсан.
Гэвч дээрх нэр бүхий аж ахуйн нэгж нь техникийн нөхцөл, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх үедээ барилга, угсралтын ажлыг дуусгаж холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж, авсан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.
Хэрэгт холбогдуулан “Эс Жи групп” ХХК болон Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК, Эрчим хүчний яамны албан тушаалтнуудыг хахууль авсан, өгсөн үндэслэлээр шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймагт 2, УБ хотод 3 объектод тус тус нэгжлэгийн ажиллагааг, прокурорын зөвшөөрлөөөр зохион байгуулж үнэт эдлэл, гадаад вальютыг хураан авсан.
Өнөөдрийн байдлаар Эрчим хүчний үндэсний төвийн захирал Б.Бямбасүрэн, иргэн Ц.Мөнхбаяр /өмнө нь Эрчим хүчний яаманд удирдах албан тушаалд ажиллаж байсан, одоогоор хувийн компанийн захирал/ нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!