Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед нийслэл хотод шахмал, сайжруулсан түлшний хэрэглээ 41 хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үе болон хөл хорио тогтоохоос өмнөх өдрүүдтэй харьцуулсан дүн юм. Энэ талаар НМХГ-аас мэдээллээ. Тус газраас шахмал түлшний хэрэглээ, тээвэрлэлт, түгээлт нийлүүлэлт, нөөц, хангамжийг хянан ажиллаж, нийслэлд нүүрс хяналтгүй оруулах, түлэх зэрэг зөрчлийг шалган илрүүлж байгаа юм.
Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан 6 зөрчлийг илрүүлэн, түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад хүлээлгэн нийлүүлжээ. Өнгөрсөн сарын хугацаанд Хонхор, Эмээлтийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 74.1 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 6 зөрчлийг илрүүлэн, түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад хүлээлгэн нийлүүлэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 97 хангамжийн бааз болон агуулах, саравчинд 40.374 тонн, борлуулалтын цэгүүдэд 4200 тонн, үйлдвэрийн хашаанд 8933 тонн шахмал түлшний нөөцтэй, нийт нөөц 53.509 тонн байна. Энэ нь Улаанбаатар хотын 14 орчим хоногийн нөөц юм.