Монголбанк энэ оны арванхоёрдугаар сарын 23-ны байдлаар 22 тн үнэт металл худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгджээ. Монголбанк сүүлийн 5 жилд 100 орчим тн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэв.
Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд "Алт-2" хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгожээ. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны 11 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 5 дахин ихсэж, 1.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэхүү үр дүнд хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмрийг оруулав.
Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймагт үнэт металл худалдан боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийснээр аж ахуй нэгж, иргэд цаг хугацаа хэмнэх ажлыг үе шаттай зохион байгуулсны дүнд Монголбанканд худалдах үнэт металлын хэмжээ өсжээ.