2020 оны 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас Улаанбаатар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Энэ үеэр үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиг үүргийн байгууллагын машинууд замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ өмнөхийн адил албан байгууллагын нэр дээр бүртгэлтэй автомашинууд smartcar.mn сайтаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хийж QR код бүхий зөвшөөрлөө хэвлэж аваад машины урд хэсэгт харагдахуйцаар байрлуулах юм.
Одоогийн байдлаар автомашины QR кодтой зөвшөөрлийн бичигт өөрчлөлт хийж байгаа тул хэвлэгдэхгүй байгаа тухай НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Уг зөвшөөрлийн бичгийн доод хэсэгт санамж оруулж байгаа юм байна.
Энэ тухай "Зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болон худалдсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх тухай санамж бичгийг нэмж оруулж байгаа. Энэ ажил өнөөдөр үдээс хойш дуусна. Үүний дараа байгууллагууд автомашины QR кодтой зөвшөөрлөө хэвлэж авах боломжтой болно" гэсэн мэдээллийг өглөө.
Өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 чиг үүргийн байгууллагын 23,902 автомашинд зөвшөөрөл олгосон. Эдгээр автомашинуудын зөвшөөрөл үдээс хойш хэвлэж авахад бэлэн болох аж.
Өмнө нь зөвшөөрлийн бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдлууд гарсан учир санамж оруулахаар болжээ.
Харин такси үйлчилгээ болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв энэ удаад үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагын жагсаалтад нэмэгдсэн. Энэ байгууллагууд автомашины QR кодтой зөвшөөрөл авах хүсэлт гаргах юм байна.