Мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөдрийн /2020.12.20/ мэдээллийг хүргэе.
Тус байгууллагаас оюутны 19 дотуур байранд тандалт хийж 23 зөрчил илрүүлснээс 12-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Тухайлбал, оюутны байранд эмчгүй, өрөө тасалгаа нь гэрэлтүүлэг, агааржуулалт хангалтгүй, тусгаарлах өрөөний цэвэрлэгээ муу, бэлэн байдал дутуу, оюутны байранд айлууд хамт түрээслэж байдаг, оюутнуудаар жижүүр хийлгэж, халуун хэмжүүлсэн зэрэг зөрчил илэрчээ. Эдгээр 19 дотуур байрны 19217 м2 талбайд хийгдсэн халдваргүйтгэл хяналт тавьж, 208 оюутанд халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Нийтийн зорчигч тээврийн гурван компанийн 85 автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд тандалт хийж цэвэрлэгээ дутуу хийгдсэн, жолооч нарыг хамгаалах хувцсаар бүрэн хангаагүй, жолоочийн бүхээгийн тусгаарласан хаалт хийгээгүй зөрчлийг арилгуулах үүрэг өгч гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.
Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал
Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 38 эмнэлэгт хийж 29 зөвлөмж хүргүүллээ. Улаанбаатар хотын хэмжээнд Covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношилгоо хийгдэж буй цэгүүдэд хяналт, шалгалт хийж зарим эмнэлэгт сэжигтэй тохиолдлыг тусгаарлах нөхцлийг хангаагүй, эм, хэрэгслийн нөөц хангалтгүй байсан тул бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгавар өгөв.
Ундны ус хангамж, урьдчилан сэргийлэх байгууламж
Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн зургаан байгууллагад хяналт хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан 6 удаагийн дээж авч, 36 ундны усны эх үүсвэр, ус түгээх байруудад эрүүл ахуйн хяналт шалгалт хийсэн байна. Иргэдийг хүн хооронд зай барьж маск, бээлийтэй үйлчлүүлэх, ус түгээгчдийг иргэдэд шаардлага тавьж үйлчлэх, ус түгээх байр, ус түгээх хоолойн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхийг зөвлөсөн байна.
Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт
Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 864 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг хэмжсэн бүртгэл хөдлөөгүй, халуун хэмжигчгүй, зай барих нөхцөл бүрдүүлээгүй, угаалга цэвэрлэгээ хангалтгүй, нөөц бүрдүүлээгүй зөрчил илэрсэн, зөрчлийг арилгуулах зөвлөмж өгчээ.
Хилийн боомт, гүний гаалийн хяналт
Улсын хилээр орсон нийт 1699 тээврийн хэрэгсэл, хилээр гарсан 1721 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэн, тээврийн хэрэгслийн жолооч нарт эрүүл мэндийн хяналт тандалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч нарт халдварын шинж тэмдэггүй илрээгүй байна. Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 117 аж ахуйн нэгжийн 2533.9 тонн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, 109 чингэлэг, 26 вагоны 25680 м2 талбайд хийсэн халдваргүйтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Ахуйн болон аюултай хог хаягдал
Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 16 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан зөрчлийн 77 хувийг арилгуулав. Хог хаягдал тээвэрлэх машин техникт өдөр бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа ба ажилчид нэг удаагийн хувцас хэрэгсэлтэй ачилт хийж байна.
Шалган нэвтрүүлэх товчоо, агаарын чанарын хяналт
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор зохих зөвшөөрөлтэй 16 тээврийн хэрэгслээр 366.2 тонн түүхий нүүрс нэвтэрч 5 тээврийн хэрэгслээр 155 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна.
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шахмал түлш борлуулах 23 цэгийн түлшний нөөц, хангамж, үйрмэг хаягдал, савлагааны байдалд хяналт хийж зөвлөмж өгчээ. Таван толгой түлш ХХК-ийн баруун болон зүүн бүсийн үйлдвэрт 2427.015 тонн шахмал түлш үйлдвэрлэж, 210.435 тн-ыг борлуулалтад гаргасан байна