Оюутолгойн Хянан шалгах түр хорооны ес дэх ээлжит хурал болж өндөрлөлөө. Хурлаар "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээлэл сонсохоор товлосон боловч Оюутолгойн удирдлагууд яриа хэлэлцээр хийх аюулгүй орчныг бүрдүүлсэн нөхцөлд хуралд оролцох хүсэлтээ илэрхийлж, хуралдаанд ирсэнгүй.
Хянан шалгах түр хорооны зүгээс олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах үүднээс ирж танилцуулга, мэдээллээ нээлттэй тавих талаар Оюутолгой ХХК-ийн удирдлагуудад удаа дараа урилга, албан хүсэлт тавьж байгаа аж. Зарим гишүүд тэд ирж мэдээллээ өгөхгүй гэвэл бид "Оюутолгой" ХХК-д очиж мэдээлэл авах хүсэлтийг гаргая, эсвэл Оюутолгойн удирдлагуудыг ирүүлж хуралдааныг хаалттай явуулж мэдээлэл авья гэсэн саналуудыг гаргаж байлаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Хянан шалгах түр хорооны даргын хувьд миний бие ямар ч тохиолдолд Оюутолгойн асуудлаар олон нийтийг нээлттэй мэдээллээр хангах ёстой гэсэн зарчмын байр сууриндаа үргэлж зогсох болно. Мөн түүнчлэн Оюутолгойтой холбоотой мэдээлэл, нотлох баримтуудыг "Нууц"-аас гаргах нь ирэх сард зохион байгуулагдах нээлттэй сонсголын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад чухал ач холбогдолтой тул холбогдох материалуудыг “Нууц”-аас гаргах тогтоол, шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж өгөх тухай хүсэлтийг албан ёсоор Засгийн газарт тавиад байна. Эцэст нь хэлэхэд, хэлэлцээрийн шатанд шилжих бэлтгэл ханган, хичээн ажиллаж буй Ажлын хэсэг, шат шатны холбогдох байгууллагуудын албан тушаалтан, төрийн албан хаагчид, мэргэжилтнүүдээс хүсэхэд бид Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулиудад захирагдаж, Оюутолгойн гэрээний өмнөх алдааг давтахгүй, илүү сайжруулж, харилцан ашигтай, хамтын шударга харилцааг дээдэлсэн гэрээ хэлэлцээрийг хийхийн төлөө,
-Монгол Улсынхаа нийт ард түмний, тэр бүү хэл ирээдүйд төрөх үр хүүхдүүдийнхээ төлөө,
-Эх орныхоо төлөө, эмч, багш, ахмадууд, иргэн бүрийн цалин, орлого, ашгийг нэмэгдүүлэхийн төлөө,
-Эдийн засгаа сайжруулж, төсвөө нэмж, хөгжил дэвшилд хүрэхийн төлөө,
-Монгол Улсын олон улс дахь нэр хүндийг өргөж, харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурласан, олон улсын жишигт нийцсэн гэрээ хийж, шийдвэр гаргахын төлөө хичээн, гар хумхилгүй ажиллаж, үр дүн гаргахыг чин сэтгэлээсээ хүсч, амжилт хүсч байна. Оюутолгой бол нийт ард түмний өмч юм. Тэд үйл явцыг нүд цавчилгүй ажиглаж байна. Бид дотооддоо улс төрийн ороо бусгаа, зөрчилтэй нөхцөл байдалд байгаа хэдий ч Монгол Улсын эрх ашгийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал хамтдаа нэгдсэн байр суурьтай, цугтаа бат зогсоно гэдгийг илэрхийлье" гэжээ.