Дахиад л хоёр бяцхан зүрх тэнгэр өөд тэмүүллээ. “Өчигдөр 17 цагийн үед монгол гэр шатаж, дотор нь байсан зургаа настай хүү, таван настай охин бурхан болжээ” гэх мэдээг уншихтай зэрэгцээд хүүгийн цэцэрлэгийн группд “Бэлтгэл ангийн охин ахтайгаа өөд болсон тул хандив цуглуулъя” хэмээн ярилцаж эхлэв. Хүүтэй минь чацуу охин, ахтайгаа... Ажлаасаа тарж очихыг хүлээж, гэртээ ороход угтан авч ярьдаг хүүгийн минь шинэ жилийн тухай, өвлийн өвгөнөөс юу хүсч буйгаа өдөр бүр өөрчлөн, "томсгох" төсөөлөл, ээжийгээ өдөржин хүлээснээ уудлан ярьдаг яриа тэднийг ч гэсэн өрнөдөг байсан байх даа...
Түрүүхэн ээж, аав нь яагаад хүүхдүүдийг орхиод явсан юм бол доо гэх асуултыг өөртөө асууж, буруутанг олох гэсэн хайлт нөгөө л Засаг төрийн шийдвэр дээр очиж буулаа.
Цар тахлаас үүдэн хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон. Хэрэв сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж байсан бол хоёр хүүхэд эрдэм номд шамдаж байх цагтаа харамсалтайгаар өөд болсонд харамсаад баршгүй.
Тэдний аав, ээж хоёр эмнэлгийн ажилчид байжээ. Тэр дундаа ээж нь Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч. Өвчтөнийхөө дэргэдээс ганц ч алхам холдох эрхгүйдээ захирагдан, хайртай үрсээ гэрт нь цоожлоод гарсан эх хүнд ямар хүнд байгаа бол... Бяцханууд минь дээ, аав ээжийг чинь буруутгах ганц ч шалтгаан алга.
Бага насны хүүхэдтэй гэр бүлийн хоёрын цагийг нь зөрүүлээд зохицуулаад өгөх менежмент тэр байгууллагад яагаад байсангүй вэ. Ковид-19 өөр хүн үхэж болохгүй, бусад бүх шалтгаанаар хэн ч үхсэн хамаагүй мэт аяглах төрийн шийдвэрүүд энэхүү харамсалтай хэргийн буруутан... Буруутан нь тодорхой энэ хэрэгт бурууг нь үүрэх хэн нэгэн даанч байхгүй...
Цахилгаанаас үүдэлтэй гар гарсан хэмээн мэргэжлийн байгууллагууд анхан шатны дүгнэлт хийж байгаа. Гал шөнө биш өдөр гарсан учраас хүүхдүүд унтаж байсан эсэх нь эргэлзээтэй. Хэрэв унтаагүй байсан бол... ер нь яасан байсан ч тэд хичнээн өвдөлт, айдсыг мэдэрч, эцсээ хүртэл аврал хайсан бол доо гэхээс дотор өмрөх шиг...
Аав, ээжүүд минь хүүхдээ том болсон гэж хэзээ ч битгий итгэ. Зөвхөн том хүнд л даатга. Энэ хэрэг л гэхэд энэ жил гарсан цор ганц тохиолдол биш. Гэртэйгээ шатаж амь насаа алдсан тохиолдол энэ жил цөөнгүй бүртгэгдсэн гэдгийг одоо ч сана. Хүүхдээ үлдээгээд хаалгаар гарахаасаа өмнө аюулгүй байдалд үлдээж байгаа эсэхээ эргэж нягтал...
Амьдралд тэмүүлсэн бяцханууд минь амар тайван цагт ээж, аавдаа дахин төрөөрэй...