Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр COVID-19 халдвартай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 13-нд нийт 8574 хүнд PCR шинжилгээ хийжээ.
Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрсэн бөгөөд тохиолдлууд Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт коронавируст халдвар шинээр бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
“Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн таван тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүсийн 2-3 дахь давтан шинжилгээ буюу гэр бүлийн хүмүүсийн шинжилгээнээс илэрсэн. Ингэснээр тус аймагт коронавируст халдварын нийт 213 тохиолдол бүртгэгдээд байна” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол 912 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас 519 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд, 5 нь хүнд, 75 нь хүндэвтэр, 438 нь хөнгөн байна.