Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит цаг үеийн талаарх мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 27 488 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт коронавирусний нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус аймаг нийт 204 тохиолдолтой болж байна. Бусад голомтуудад шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
"Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 888 болж байна. Үүний 440 тохиолдол нь дотоодод батлагдлаа. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 495 хүн эмчлүүлж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал маш хүнд, 7 нь хүнд, 67 нь хүндэвтэр, 420 нь хөнгөн байна. Голомтлон халдвар гарч буй аймгуудад хавьтлуудын давтан шинжилгээг хийсэн. Улаанбаатарт хавьтлын шинжилгээг 1,609 хүнд, Сэлэнгэд 709, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 215 хүнд хийсэн" гэв.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 440 : (2020.12.08-ны байдлаар)
- Сэлэнгэд - 204
- Улаанбаатарт - 128
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 31
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.