Одоогийн байдлаар 6 төрлийн вакцины хөгжүүлэлт амжилттай хийгдэж, өндөр үр нөлөөтэй байгаа бөгөөд хөгжүүлэлтийн сүүлийн шатандаа орж, худалдаанд гарах хугацаа ойртоод байна. ОХУ гэхэд өнгөрсөн 7 хоногоос Спутник-5 вакциныг тарьж эхэлсэн бол Их Британи мөн ойрын өдрүүдэд вакцинжуулалтыг эхлэхээр төлөвлөөд байгаа. Вакцинуудыг ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон даруйд дэлхий нийтэд худалдаалж эхлэх юм.
Харин манай улсын хувьд хэд хэдэн орны үйлдвэрлэсэн вакцинаас авахаар хэлэлцээрийн шатанд ажиллаж байна.
Модерна:
Хөгжиж буй, нөлөөлөл багатай орнуудын вакцин авах боломж олгох хөтөлбөр буюу Коваксийн хүрээнд Монгол улс Дэлхийн банкны 50.6 сая ам.долларын санхүүжилтээр Covid-19-ийн эсрэг вакцин авахаар хүсэлтээ өгсөн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байгаа.
Ковакс хөтөлбөрийн хүрээнд Модерна компанийн вакцин, мөн Инактиветэт буюу сулруулсан, вирусгүй вакцин, гуравт одино вирус дээр суурилсан 3 төрлийн вакцин байгаа ажээ. Хамгийн түрүүнд вирус агуулаагүй, Модерна гэх мэтээр нэвтүүлэхээр дараалал гаргаж хөтөлбөрөө боловсруулсан байгаа ажээ.
Тус вакцин одоогоор хамгийн өндөр буюу одоогийн тооцоогоор 1 тун нь 37 ам.долларын үнэтэй худалдаанд гарахаар тооцож байна.
Спутник-5:
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовтой уулзаж "Спутник-V" вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтын явцын талаар ярилцсан.
Элчин сайд И.К.Азизов "Монгол Улсад "Спутник-V" вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтой хэмээн хэлсэн байна.
Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн бөгөөд ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа ажээ.
Спутник-5 вакцин одоогийн тооцоогоор 10 долларын үнэтэй худалдаанд гарах магадлалтай.
Синовак:
Вакцин бүтээх үйл явц амжилттай байгаа бас нэгэн улс бол БНХАУ. Хятад улс өөрсдийн үйлдвэрлэсэн вакцины эмнэлзүйн туршилт нь дуусмагц хөгжиж буй орнуудад хуваарилахад бэлэн байгаа тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Ерөнхий Ассамблейн коронавирустэй тэмцэх тусгай чуулганд үг хэлэх үеэрээ мэдэгдэж байсан.
Өнгөрсөн 8 сард Монголын Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-ын Элчин сайд Цай Веньруйг хүлээн авч уулзах үеэр ДЭМБ-аас БНХАУ-ын вакциныг зөвшөөрвөл Монголын талд хамгийн түрүүнд нийлүүлэх боломжтой хэмээн ярьж байсан юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хятадын Элчин сайд Цай Вэнь Руйтай өчигдөр дахин уулзаж Хятад улсад үйлдвэрлэж буй вакцин, түүний туршилт, бүртгэл, үйлдвэрлэлийн явц, манай улсад ханган нийлүүлэх боломжийн талаар саналаа солилцсон байна.
Тус вакцин 1 тун нь 30ам.долларын үнэтэй гарах магадлалтай.
АстраЗенека:
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 11-р сарын 30нд Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцсон билээ.
AstraZeneca компанийн зүгээс коронавирусийн эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжид нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаах тухай хэлж байсан. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлээд байгаа юм. “AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, тус компанитай холбогдсонд туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжид нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Мөн Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тус компанийн төлөөлөгчидтэй цахимаар уулзаж, вакцинжуулалттай холбоотой хийгдэж байгаа ажил, вакцин хөгжүүлэлттэй холбоотой мэдээлэл солилцсон юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг вакцин үйлдвэрлэгч компаниудтай идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа.
Энэ вакцин одоогийн байдлаар хамгийн хямд үнээр буюу 4ам.долларын үнэтэй худалдаанд гарах тооцоолол байгаа юм.