ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23,341 хүнд шинжилгээ хийхэд 38 батлагдсан тохиолдол илэрлээ.
- Улаанбаатар хотод 32 тохиолдол илэрсэн бөгөөд 3 нь Цэргийн төв эмнэлэгт, бусад 29 тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан болон тэдний гэр бүлийн хүмүүсээс илэрсэн.
- Сэлэнгэд хоёр тохиолдол нэмэгдлээ.
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол нэмэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ.
- Орхон аймагт нэг тохиолдол нэмэгдсэн.
Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 887, эдгэрсэн 384 хүн байгаа бол 494 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 хүн байгаа" гэдгийг хэлэв.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 887 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрээд байгаа бол нийт 494 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 439: (2020.12.07-ны байдлаар)
- Сэлэнгэ - 203
- Улаанбаатар - 128
- Дархан-Уул - 45
- Орхон - 25
- Дорноговь - 31
- Говьсүмбэр - 4
- Архангай - 3 батлагдсан тохиолдол байна.