Коронавирусний цар тахлын үед хаяж гээсэн болон гэнэтийн үед хэрэг болсон бичиг баримтаа онлайн орчинд захиалан гэртээ хүргүүлэн авах боломжтой болжээ. Тухайлбал татвар, төлбөр тооцоо, зөвшөөрөл, тодорхойлолт, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэнд зэрэг 116 үйлчилгээг(өнөөдрийн байдлаар) иргэд гэрээсээ цахимаар авч болох боломжтой бөгөөд тэдгээр үйлчилгээтэй холбоотой лавлагаа болон бусад бичиг баримтыг гэртээ хүргүүлэх юм.
E-Mongolia нь иргэд, аж ахуй нэгжид зориулсан бүхий л төрийн үйлчилгээг нэг цахим платформд нэгтгэж хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх зорилготой байгууллага юм.
Өнөөдрийн байдлаар /2020.12.01/ E-Mongolia.mn вэб сайт болон E-Mongolia гар утасны аппликэйшнээр орчинд хамгийн их хандалт авсан төрийн үйлчилгээ нь Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа байна. Хамгийн эрэлттэй байгаа эхний есөн төрлийн үйлчилгээнд:
- Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Оршин суугаа хаягийн лавлагаа
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
- Регистрийн дугаарын тухай лавлагаа
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
- Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа зэрэг багтжээ.
Төрийн үйлчилгээг цахимжуулж буй нь дараах давуу талуудтай:
- Хүний эрх (Бүс нутаг, газарзүйн байршлаас үл хамааран төрийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй хүрнэ.)
- Авлига, төрийн хүнд суртал (Төрийн байгууллагуудын хоорондох мэдээлэл солилцоо сайжирснаар шат дамжлага багасаж, зардал буурч, түргэн шуурхай, хяналттай болно.)
- Түгжрэл (Иргэд цахим технологи ашиглан төрийн үйлчилгээг авснаар цаг хугацаа, зардлаа хэмнэнэ.)
- Мэдээллийн аюулгүй байдал (Цахим засаглалын бүхий л системийг байгуулахдаа мэдээллийн аюулгүй байдлын шаардлагуудыг үргэлж баримтална.)
- Хувь хүний нууц (Иргэд өөрсдийн мэдээлэл дээрээ хяналт тавих, иргэн өөрөө зөвшөөрөл олгосноор тухайн хүний хувийн мэдээлэлд хандах боломжийг олгох тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллана.)