Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пакистаны Ерөнхийлөгч асны цаазын ялыг цуцаллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 23 секунд

Пакистаны шүүхээс өмнөх Ерөнхийлөгч, цэргийн командлагч Первез Мушарафын цаазын ялыг “үндсэн хуульд нийцэхгүй” гээд хэрэгсэхгүй болголоо.

76 настай Первез Мушараф 2016 оноос хойш Дубайд сайн дураараа цөлөгдөөд байсан. Одоо тэрбээр Пакистанд чөлөөтэй буцаж ирж болно гэж даваа гарагт Лахорын Дээд шүүхээс шийджээ.

Мушарафын шүүх ажиллагаа зургаан жил үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн сард цаазаар авах ял оноосон.

Мушараф 2000-аад онд эрх мэдэлд байхдаа үндсэн хууль зөрчиж, хууль бусаар эх орондоо онц байдал зарласан үндэслэлээр тусгай шүүхийн гурван гишүүн тус ялыг оноожээ.

Харин Дээд шүүхээс эх орноосоо урван тэрслэх үйлдлийг ганц хүн хийх боломжгүй гэж үзээд ялыг цуцаллаа. Цаазын ял өгсөн тусгай шүүхийн үйл ажиллагааг “хууль бус” гээд Мушарафыг цаашид сэжигтэн биш гэж шийджээ.

Та мэдэх ёстой

Мушараф 1999 онд цэргийн эргэлтээр эрх мэдэлд гарч, 2001-2008 онд Пакистаны Ерөнхийлөгч байсан.

Первек Мушараф 2007 онд эх орондоо онц байдал зарлан, дээд шүүхийн гишүүдийг баривчлах тушаал өгч, Ерөнхий шүүгчийг солин, хараат бус ТВ-үүдийг хаасныг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байв.

Пакистаны үндсэн хуульд эх орноосоо урван тэрсэлсэн тохиолдолд ял дээд хэмжээг өгөхөөр заасан байдаг. Пакистан улс цэргийн командлагчдаа эх орноосоо урвасан ял анх удаа оноосон нь түүхэн үйл явдал болсон.

Мушараф өөрийн үйлдлээ Исламын хэт үзэлтнүүдийн эсрэг тэмцэж, улсаа тогтворжуулахын төлөө хийсэн гэж мэдүүлсэн. Түүний үйлдлийг АНУ, ардчиллыг дэмжигчид хурцаар шүүмжилж, Пакистанчууд түүнийг огцруулахыг шаардаж эхэлсэн.

Мушараф зарласан онц байдлаа өрнөдийн шахалтаар цуцалж, дахин сонгууль зохион байгуулсан ч нам нь ялалт байгуулаагүй.

2008 онд засгийн эрх авсан эвслээс импичментийн асуудал тавигдаж эхлэхэд өөрөө сайн дураараа огцорсон байдаг.

Мушарафт 2016 онд Пакистанаас гарах боломжийг олгосон бөгөөд одоо Дубайд оршин суудаг. Тэрбээр өнгөрсөн сар Дубайн эмнэлгийн орон дээрээс шүүхийн шийдвэрийг “үндэслэлгүй” гэж бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ дурдаад байсан.

Эх сурвалж: CNN

 
УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.