Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулсан Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн А.Ундраа, Л.Мөнхбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.13) нар өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох"-оор, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн 3.1-д Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Эрдэнэсийн сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тус тус заасан болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй. Хуулийн төслөөр эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, Эрдэнэсийн санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нэмэгдэх, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа өргөжиж боловсронгуй болох, иргэд, хуулийн этгээд худалдах үнэт металлын олон улсын стандартад нийцсэн сорьцыг тогтоолгох, улмаар үнэт металлын эдийн засгийн эргэлт сайжрах зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар үүснэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс