СУРВАЛЖИЛГА: Халтирч унасны улмаас 8 настай охин хамраа хугалж, 10 настай хүү толгойдоо 3 оёдол тавиулсан бол 25 настай залуу тархиндаа цус харважээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 5 секунд

Уртын харайлтын улирал дуусч, уран гулгалтын улирал эхэллээ. Нийслэлчүүд бид төлөвлөлтгүй хотынхоо балгаар зунд нь шавар, шалбайг туучиж, өвөл нь мөстөж, хөлдсөн зам дээр унаж, босон тэмтчиж өдөр хоногийг өнгөрүүлдэг. Тэр л жишгээр өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цас халтиргаа, гулгаа үүсгэж, иргэд бухимдалтай байна.

Олон жил үргэлжилсэн энэ үзэгдэл олон хүнийг хохироосоор ирсэн. Үүний улмаас иргэд явганаас бэртэж гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэдэн 100-аараа хандаж байна. Тодруулбал, энэ сарын 25-27-ны хооронд ГССҮТ болон салбар эмнэлэгт халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр гэмтэж бэртсэн 123 хүн хандаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иргэд ихэвчлэн дээд, доод мөчийн хугарал, тархи толгойн гэмтлийн оноштойгоор гэмтлийн эмнэлэгт хандаж байгаа гэдгийг эмч нар онцолж байна.

Бид ГССҮТ-ийн салбар эмнэлгийг зорьж, нөхцөл байдлыг СУРВАЛЖИЛЛАА.

ГССҮТ-Д ХАЛТИРГАА ГУЛГААНААС ҮҮДЭЛТЭЙГЭЭР ГЭМТЭЖ БЭРТСЭН 123 ХҮН ГССҮТ-Д ХАНДАЖ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН

Бид ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Э.Алтаншагайгаас нөхцөл байдлын талаар тодруулахад, "Өнгөрсөн өдрүүдэд цас ихээр орж халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор сүүлийн 3 хоногт манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт халтирч унаад гэмтэл, бэртэл авсан 123 хүн ирж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Өдрийн үзлэгийн 30-40 хувийг энэ төрлийн шалтгаантай гэмтэл бэртэл зонхилж байна. Настай хүмүүс түлхүү байна. Унахдаа ихэвчлэн гараараа тулж унадаг учраас гар хугарах тохиолдол их. Үүнээс гадна хөлөө хугалсан болон гавал тархины, хүзүү, нуруу нугасны гэмтэлтэй хүмүүс ирдэг. Ганцхан жишээг дурдахад, 25 настай залуу ажлаасаа гараад явж байгаад шатан дээр саваад уначихсан. Тухайн үедээ толгой "дүүрээд" манарч байгаад гайгүй болчхоор нь гэртээ харьчихсан. 2-3 хоногийн дараа толгой өвдөөд болохгүй байна гээд ирээд үзүүлэхэд тархинд цус харвалт үүсчихсэн байсан. Энэ мэт халтирч уначихаад эмнэлэгт хандалгүй удаан явсантай холбоотой асуудал их байдаг. Тиймээс халтирч унасан тохиолдолд биеийн байдлаа маш сайн ажиглаад зовиур арилахгүй бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Хамгийн гол нь халтирч унахаас сэргийлж халтирдаггүй зөөлөн ултай гутал сонгож, анхаарал болгоомжтой байх нь чухал байна" гэлээ.

Харин дараа нь бид шатнаас халтирч унасан гэх шалтгаанаар ГССҮТ-д хандсан 8 настай Б.Ө охинтой уулзсан юм. Тэрбээр, "Өдөр өнжүүлэх рүүгээ орох гэж байгаад шатан дээр халтирч нүүрээ унасан. Тухайн үедээ шалбарчихаж гэж бодоод хичээлдээ явсан. Өглөө сэрээд ирсэн чинь хамар хавдчихсан байсан. Ээж хамар нь хугарчихсан байж магадгүй гээд эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Үеийн найзууддаа халтиргаа гулгаа их байгаа учраас болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна" гэлээ.

Түүний ээж н.Г-гаас охины нөхцөл байдлын талаар тодруулахад, "Өчигдөр хавдаргүй байсан болохоор гайгүй байх гэж бодоод эмнэлэгт хандаагүй. Өглөө хавдчихсан сэрж ирсэн учраас ГССҮТ-ийн салбар эмнэлэгт сая ирж үзүүллээ. Хамар нь хугарсан байна гэж байна. ЭХҮМҮТ-д үзүүл гэж байна. Стандартын шаардлага хангахгүй гөлгөр хавтангууд ийм эрсдэл үүсгэж байна" гэлээ.

Хамраа хугалсан охиноос гадна толгойдоо 3 оёдол тавиулсан 10 настай хүү ч тэнд байлаа. Энэ мэт явганаас бэртэж, хөл, гар, толгой, тархиа гэмтээсэн хүмүүс ГССҮТ-д урт дараалал үүсгэж, эрүүл мэндээрээ хохирч байна.

Тус эмнэлгийн эмч нарын хэлж буйгаар "Цас хөлдөж, мөс болоогүй байгаа учраас харьцангуй гайгүй байна. Мөстөөд эхлэхээр өдөрт ирэх хүний тоо огцом нэмэгдэж, 200-300-д хүрдэг. Түүнээс гадна 12 дугаар сар гараад албан байгууллагууд баяраа тэмдэглээд эхлэхээр энэ тоо бүр ч нэмэгдэнэ. Тиймээс анхаарал болгоомжтой байж, эрүүл мэндээ эрсдэл оруулахгүй байх нь хамгийн чухал байна" гэлээ.

Тус эмнэлгээс гараад бид гудамжаар холхих иргэдээс нийслэл хотын гудамж талбайгаар алхахад нөхцөл байдал ямар байгааг тодруулахад, "Маш их халтиргаатай байна. Унаж, бэртэхгүйн тулд маш болгоомжтой алхаж байна" гэх түгээмэл хариултыг өгсөн юм.

ИРГЭН Б:

-Халтирч унаж байгаа хүн олон байна. Одоогоор би унаагүй, маш болгоомжтой алхаж байгаа ч хаана очиж халтирахыг таашгүй шүү дээ. Хамгийн гол нь анхаарал болгоомжтой л байх хэрэгтэй.

ИРГЭН Ж:

-Алхахад айдастай байна. Зөвхөн автозам дээрээ давс цацдаг биш явган хүний зам дээрээ бас давс, бодисоо цацаж, байнга цэвэрлэдэг баймаар байна. Бид нар яах вэ. Арга учрыг нь олоод болгоомжтой алхаж болоод байна. Хүүхдүүд, хөгшид ийм замаар алхах хэцүү шүү дээ.

ИРГЭН С:

-Маш их халтиргаатай байна. Толь болчихсон ийм замаар алхана гэдэг хэцүү шүү дээ. Байгууллагууд ойр орчмоо цэвэрлэх ёстой юм байна лээ. Даанч нэг ч байгууллага цэвэрлэж харагдахгүй юм. Халтираад унаж байгаа хүнийг цонхоороо хараад шоолоод зогсож байгаатай ч таарлаа. Ийм байж болохгүй шүү дээ. Хэн ирээд цэвэрлээд өгнө гээд хүлээгээд сууж байдаг юм бол. Өөрсдөө л хөдлөх хэрэгтэй шүү дээ.

АЖ АХУЙ НЭГЖҮҮД ОЙР ОРЧМЫНХОО 50 МЕТР ГАЗРЫН ХАЛТИРГААГ ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ Ч ЦЭВЭРЛЭХГҮЙ БАЙНА

Бухимдсан иргэн ийн сэтгэгдлээ хуваалцлаа. Уг нь машин тэрэг бус хүний хоёр "зээрд" хамгийн найдвартай унаа гэгддэг. Гэтэл өвлийн улиралд Гэмтэл согог судлалын үндэсний төвд явганаас бэртэж гэмтсэн гэж хандах хүний тоо эрс нэмэгддэг байна. Тиймээс ч нийслэлчүүд цас орох тоолонд хэзээ халтирч унан бэртэж гэмтэх бол хэмээн болгоомжлол, айдаст автдаг. Арга ч үгүй биз. Цас орсон даруйд нийслэлийн явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж талбай явахад бэрх аюултай зам болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, цасыг нь цэвэрлэх эзэнтэй атлаа эзгүйдчихээд буй хэрэг.

Орон сууцны хороолол болон гэр хорооллын замын цэвэрлэгээг тухайн дүүрэг болон СӨХ-үүд нь хариуцдаг. Харин аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрын халтиргааг цэвэрлэх ёстой байдаг. Хэрэв эдгээр газрууд хариуцсан талбайгаа дор бүрнээ цэвэрлээд байвал халтиргаа гулгаа үүсэхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл ойролцоох талбайгаа цэвэрлэсэн газар цөөхөн байна.

Гэмтлийн эмнэлгийн мэдээллээс харвал жилийн жилд зуу зуугаараа халтиргаа гулгаанаас болж гар хөлөө гэмтээдэг. Мэдээж эмчлэх зардал олон саяар тоологдоно.

Хохирогсдын 95 хувь нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбайд халтирч гэмтэл авдаг. Энэ тохиолдолд тухайн байгууллага иргэнд учруулсан хохирлыг нөхөн олгох журам байдаг ч хохирлоо төлүүлсэн иргэн одоогоор байхгүй гэнэ.

Мөн байгууллагууд явган хүний замаа Хятадын дулаан бүсэд хэрэглэдэг гөлгөр хавтангаар хийдэг. Энэ нь цас орсон тохиолдолд ямар ч мөсөн гулгуураас дутуугүй халтиргаа үүсгэдэг. Олон хүн ийм замтай байгууллагын буруугаас болж гэмтэж байна. Тиймээс гэмтэж бэртсэн иргэд хохирлоо нэхэмжилдэг болцгоовол амьдралд ойрхон. Харамсалтай нь, Монголд тэр дундаа Улаанбаатар хотод л ганцхан цас орж хүндрэл учруулдаг мэт зовлон тоочсоор олон жилийг үдлээ.

Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
 
“Байнга “жижүүрлэж” суудаг гишүүдээ урамшуулдаг болмоор байна“
“Байнга “жижүүрлэж” суудаг гишүүдээ урамшуулдаг болмоор байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!