Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Гандантэгчинлэн хийдээс буян номын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсний нэг нь өнөөдөр 15:00 цагт Жанрайсигийн урд талбайд гал тахих үйл болох юм.
Энэ зан үйлийг Монгол хэлээр унших нь энэ жилийн онцлог юм. Гал тахих судрууд Монгол бичгээр ч төвд хэлээр ч туурвисан олон янзын судрууд байгаагийн дотроос Монгол ламын зохиосон гал тахилгын судрыг сонгож аван орчуулаад олон нийтээр уншихад бэлэн болжээ.
Гал тахилгын зан үйлийг Жанрайсиг дацангийн лам хурвагууд голлон хийнэ.
Зүгийг тэтгэгч 15 тэнгэр бий гэж үздэг түүний нэг тэнгэр нь галын тэнгэр юм. Зүүн урд зүгт морилж, галыг эрхшээлж галд оршиж байдаг гэж үздэг. Эдгээр 15 тэнгэрт ном эрдэмд нь барцад саадгүй байх, мөн энэ насанд өвчин зовлон тэргүүтэй янз бүрийн саадаас хамгаалж байхыг даатгаж ирсэн уламжлалтай.
Гал тахилгын зан үйлийн гол агуулга, дараалал нь:
Урин заллага- Лам нар хоосон чанар, бодь сэтгэлийг үүсгэж урин зална. Гал бурханыг дүрслэхдээ улаан сэрх ямааг хөлөглөсөн 4 мутартай, цагаан өнгөтэй торгоор өөрийн биеийн чимсэн дүртэй хэмээдэг.
Галын бурханыг зүүн урд зүгээс урин залж галд оршоох зан үйл юм
Тахил өргөлийн хэсэг- энэ бол нийтийн бусын тахил өргөдөг. Балин тэргүүтэй тахил өргөлийн зан үйл болно
Үйлс даатгалын хэсэг – энд 4 үйл даатгадаг.
- Амирлуулах үйл даатгалд Монгол орон нийтээрээ янз бүрийн өвчин зовлон, хэрүүл тэмцэл, хямрал тэргүүтэй харшлах шалтгаан муу зүйлийг амирлуулж байхыг даатгана.
- Дэлгэрүүлэх үйлд нас буян хишиг яруу алдар, алив сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хайрлахыг даатгаж байдаг.
- Эрхэнд хураах үйлд- өөрийн санасан бодсон үйл хэрэг тэр бүхэнд хурж ирэхийг сэтгэж бодож даатгадаг
- Хатуу үйл- янз бүрийн хэл ам тэргүүтэй хатуу үйлийг дарахыг даатгадаг.
Галын хишиг даллага- Монголын ард түмнийг сайн, сайхан байлгах хэрэгтэй эд зүйлс оюун ухаан бүх зүйл нь дэлгэрч сайн сайхан байхыг даатгадаг энэ үйл болно.
Төгсгөлд нь Өлзий оршоолго буюу Өлзий хутгийг оршоох ийм хэсгүүдээс гал тахилгын зан үйл бүрдэж байгаа юм.
Нийт сүсэгтэн олон та бүхэн идэвхтэй оролцож монгол хэлээр дагаж унших боломжтой юм. Энэ мэт олон сайхан үйл явдал зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!