21-р зуунд манай улс шиг ертөнцийн зүг чиг, байшин барилгын өнгө зүс, өргөн бүдүүнээр байршлаа заадаг улс орон нэг ч байхгүй. Тэр ч утгаараа хаягжилтын асуудал Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болоод байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна.
Энэ мэтчилэн хаягжилтын асуудлаа бид шийдээгүй байж түгжрэл, шуудангийн хүргэлт, онцгой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ ярих нь утгагүй.
Тийм учраас миний бие хаягжилтын асуудлыг үндсээр нь шийдвэрлэхээр “Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байна.
Энэ хүрээнд ажлын хэсгийг хуралдуулж улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж нэгдсэн сантай болгох, шаардлагатай хууль эрх зүйн орчныг шинэчлэх, олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт технологид суурилсан байдлаар асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Та бүхэн санаж байгаа бол Засгийн газраас БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтарч Сөүлийн гудамжинд жишиг хаягийн стандартын эхний загварыг нэвтрүүлж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Ирэх жилүүдэд хууль тогтоомж, эрх зүйн орчныг шинэчлэхээс эхлээд хаягийн мэдээллийг удирдах дэвшилтэт системтэй болж гудамж, зам талбай, газар, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулна.
Үр дүнд төр, хувийн хэвшлийн бүхий л үйлчилгээний цаг алдалт арилна. Баримжаагаараа зүг чиг заахаа больж гудамж, дугаар, тоотоор шууд ойлголцдог болсон цагт бидэнд маш олон давуу тал, үнэлж баршгүй их бүтээмжийг бий болгоно.
Цаашлаад хаягжилт тодорхой, оновчтой, нэгдмэл бүтэцтэй болсноор бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хот, орон нутгийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд чухал нөлөөг үзүүлж бодит нөхцөл байдалд суурилсан үнэлэлт дүгнэлтийг хийх, судалгаа явуулах, анализ хийх боломжийг бүрдүүлж өгнө.
Алийн болгон бид “Наад өндөр байшингийнхаа баруун талаар нь тойроод зүүн гар тийшээ эргээд гурав дахь хаалгаар ороод ир” гэж нэгэндээ хаяг заахав дээ.
Тиймээс энэхүү ажлыг эрч хүчтэйгээр, хойш суулгүй, бодит ажил хэрэг болгоно" гэлээ.
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!