Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар албаныхан мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр 11-р сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Мөн 12-р сарын 1-ний өдрөөс үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй” гэж мэдэгдсэн юм.
ТАВАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР НИЙСЛЭЛ ХОТОД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ ОЛГОНО
Улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцаж ажилладаг байсан бол маргаашаас Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ ажлыг хариуцах юм. Тэд шинэ дугаарыг дээд хязгаар буюу 730 мянгад багтааж, 5 шалгуур үзүүлэлтээр олгоно гэж мэдэгдээд буй юм. Тодруулбал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу, "Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэдгийг онцолсон юм.
Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,
- Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
- Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх юм байна.