МИАТ ТӨХК-ийн нисгэгчид Туркийн Станбул хотод нэгийнхээ аминд хүрсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодрууллаа.
Тэрбээр: Нэгийнхээ аминд хүрсэн асуудал байхгүй. Үүнийг би сүүлд мэдсэн.
МИАТ ТӨХК-ийн нисгэгч нар жилд нэг удаа иргэний нисэхийн дүрэм, олон улсын агаарын нисэхийн дүрмээр 2-3 хоног заавал сургалтууд хийдэг байх ёстой. Энэ хүрээнд тухайн сургалтад суусан хоёр нисгэгч архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдсан асуудал гарсан байна.
Нарийн шалтгааныг би сайн мэдэхгүй. Хуулийн байгууллага тогтоох ёстой гэж үзэж байна. Сургалтын хоёр хоногоо дуусгаж маргааш нь шалгалтад ирэх ёстой байсан хоёр нисгэгч шалгалтад ирээгүй. Ингээд шалгалтын байгууллагаас манай компанид хандсанаар бид энэ асуудлыг олж мэдсэн.
Тухайн үед Франц улс дахь Консулын газраас тодруулахад хоёр нисгэгчийн нэг нь цагдаагийн газар, нөгөө нь эмнэлэгт байгаа гэх мэдээллийг бид олж авсан. Удалгүй тухайн үйл явдал болсноос 5 хоногийн дараа дээрх хоёр нисгэгч Монголд ирсэн бөгөөд бид ажлаас нь чөлөөлсөн.
Эргээд сургалтад гаргасан зардлыг нь нэхэмжилж байгаа. Хэрэв тухайн хоёр нисгэгч хоорондоо асуудал гаргаж ямар нэгэн байдлаар зодоон хийсэн бол хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй. МИАТ компани хэн нэгний үгээр ажиллах боломжгүй. Компанийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчийн зүгээс ажлаас нь чөлөөлсөн. Францын цагдаагийн газраас ахуйн осол гэж үзсэн юм билээ. Ер нь тухайн хоёр нисгэгч хоорондоо зодолдож үгээ нийлүүлж ахуйн осол гэж тохирсон байхыг үгүйсгэхгүй. Хоёр нисгэгчийн биеийн байдал одоо хэвийн байна" гэх тайлбар мэдээлэл өглөө.