Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: С.Эрдэнэ дарга мэтийн хүмүүс “нам“ зарж амьдраад байгаа учраас АН “ах“ нараасаа салж, шинэчлэгдэх шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 21 секунд

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

"Ардчилсан нам 2016 оноос хойших найман удаагийн сонгуульд бүгдэд нь ялагдсан. Шинэчлэлийн шалтгаан нь энэ"

- Хоёр шатны сонгууль болж өнгөрлөө. Ардчилсан нам УИХ-д 42 суудал авч эрх баригч намтай хамтарч Засгийн газраа байгуулсан. Харин орон нутгийн сонгуульд дорвитой амжилт үзүүлж чадсангүй. Сонгуулийн маргаашаас нь эхлээд танай нам талцаж эхэлсэн. Сонгуулийн үр дүнг та хувьдаа юу гэж харж байна. Амжилт гэж харах уу, эсвэл ялагдал уу?

-Хоёр сонгуульд хоёуланд нь ялагдсан. Хаана ч амжилт үзүүлээгүй. Ер нь 2016 оноос хойш найман улс төрийн сонгууль болсон. Эндээс 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг эс тооцвол бусад бүх тохиолдолд АН ялагдсан.

-Саяын УИХ-ын сонгуулиар авсан суудал чамлахаар амжилт уу? танай намын дарга, зарим гишүүдийн хувьд сайн амжилт үзүүлсэн гэж ярих юм билээ.

-Бид УИХ-д олонх болж чадаагүй. Улс төрийн намын гол зорилго олонх болж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх л биз дээ. Тиймээс миний хувьд хангалтгүй л гэж дүгнэж байгаа.

-Засгийн газраа өрсөлдөгч намтайгаа хамтраад байгуулчихлаа шүү дээ. Хариуцлагын гэрээ хүртэл байгуулчихсан. Цаашид сөрөг хүчин болж ажиллаж чадах болов уу?

- Засагт хамтарлаа гээд сөрөг хүчин үгүй болно гэсэн үг биш л дээ. Миний хувьд анх хамтарч орох гэхэд нь эсрэг байр суурьтай байсан. Түүнийгээ бүлгийн хурал дээр ч хэлсэн. Улс төрийн шийдвэр гарсан учраас дэмжихээс өөр аргагүй болсон.

-Яг аль өнцгөөс нь та эсэргүүцэж байв?

- 2028 онд нэг мөсөн засаглавал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үгүй бол орон нутгийн сонгуулийн босгон дээр эрх баригчидтай хамтарч засагт орох нь нийгмийн үнэлэмжийг бууруулах хортой гэдгийг сануулсан.

- Нийгмээс өгч байгаа нэг шүүмж нь энэ л дээ. Ардчилсан нам УИХ-ын сонгуульд сөрөг хүчний хувьд сонгогчдын итгэлийг авчхаад парламентад орсныхоо дараа эрх баригчидтай гар барьчихлаа гэсэн шүүмж их бий?

- Саяхан намын гишүүдтэйгээ уулзаад орон нутгаар явахад үүнийг хамгийн их ярьж байна лээ. Гэхдээ манай нам ЭЗХЯ, БОУАӨЯ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гэх мэт гол салбарыг авч чадсан учраас сайд нар маань ажлаа яаж хийхээ харуулах байх. Манай намыг дэмждэг гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй байх гэдэгт итгэлтэй байгаа.

- Орон нутгийн сонгуулийн дараагаас Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй. Намын "ах" нараасаа салах цаг болсон гэж та их дуугарах болсон. Яагаад шинэчлэл хэрэгтэй гэж?

-Анх таван намын нэгдэл гэж байгуулагдаад үндсэндээ Ардчилсан нам ардчилсан хувьсгалаас хойш 35 жил болж байна шүү дээ. Энэ хугацаанд бид дахин шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн. 2028 оны сонгууль нэг л мэдэхэд хаяанд ирнэ. Мэдээж улс төрийн нам гишүүд, дэмжигчдийнхээ итгэлээр ялалт байгуулж засгийн эрхийг авах боломж бүрддэг. Энэ утгаараа манай намд шинэчлэл хэрэгтэй.

-Шинэчлэлээ хаанаас эхлүүлэх ёстой гэж харж байна. Намын даргаа солихоос эхлэх үү, эсвэл дунд шатны удирдлагын бүтцээ шинэчлэхээс эхлэх үү?

-Намын дүрмээрээ дээд болон дунд шатны намын дарга нар хариуцлага хүлээх үүрэгтэй. Ажиглаад харахад 2016 оноос хойш манай нам ялагдал хүлээж ирсний дүнд ардчилсан намын гишүүд хөдөө орон нутагт ад үзэгддэг. Намын гишүүдээ зөвхөн сонгуулийн үеэр хардаг, түүнээс болж эргэж нам руугаа хардаггүй. Ийм асуудлууд олон. Одоо ч орон нутагт явж байхад маш их улстөржилт явагдаж байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар хоёр намын хүмүүс хоорондоо муудалцаж хүний амь нас хүртэл хохирсон хэрэг гарлаа. Ийм асуудлуудаа болих хэрэгтэй.

"30 жил үргэлжилсэн АН-ын фракцуудын зодооныг залуучууд өөрчлөх цаг болсон"

-Танай намд Х.Баттулгын фракц, Лу.Гантөмөрийн фракц гээд хэд хэдэн бүлэг хүмүүсийн талцал яригддаг. Энэ асуудлаа яаж цэгцлэх юм бэ. "Ах" нараасаа салъя, үеэ сольё гэж ярьж буй тань намын дотоод асуудлууд чинь тэдгээр хүмүүсээс болж эвлэлдэхгүй байна гэж ойлгож болох уу?

-Манай нам фракц болж хуваагдсаар байгаад л 30 гаруй жил болчихлоо шүү дээ. Тэр нь бие биеэ татаж унагаадаг тогтолцоо руу орчихсон. Ийм зөрчлүүдийг цаашдаа болъё гэж байгаа юм. Үе үеэрээ нийлье. Намдаа бүгдээрээ шинэчлэл хийе. Яг над шиг ийм бодолтой хүмүүс нам дотор олон бий. Фракцын зодооноос намын гишүүд үнэндээ ядарч дууслаа.

-Тодруулж асууя. Нам дотроо илүү хүчийг үзүүлж байгаа нь Х.Баттулгын "фракц" гэж ярьдаг. Х.Баттулга гэдэг хүн таны салахыг хүсээд байгаа "ах" нар дотор багтах уу? залуучууддаа боломж олгож, нам шинэчлэгдэхэд зайгаа тавьж өгөх ёстой гэж үзэх үү?

-Ер нь тэгэх л ёстой. Өөрчлөлт, шинэчлэлийг хиймээр байна шүү дээ.Муу, сайн ч гэсэн зарим талаараа бид өрсөлдөгч намаасаа харах хэрэгтэй. Ах нартайгаа зууралдаад л байвал манай нам хөгжихгүй. 2016 оноос хойших 8 удаагийн сонгуулийн үр дүн фракц болж талцаж болохгүй гэдгийг харуулж байгаа.

-Намынхаа дараагийн лидерүүдийг юу гэж харж байгаа вэ. Ардчилсан намыг фракцгүй болгоод, зангидаж чадах чадвартай лидерүүд танай намд бий юу?

-Зөндөө л залуучууд байгаа. Энэ намыг авъя яваад, 2028 оны сонгуульд ялалт байгуулах олон залуучууд бий.

-Тухайлбал хэн гэж?

-Сайд болсон залуу гишүүд байна. УИХ-д сонгогдсон гишүүд ч байна. Бүгдээрээ л чадна шүү дээ. Энэ залуучууд анх удаа улс төрд орж ирж байгаа биш. Бүгд л намын анхан шатаар явчихсан. Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа хүмүүс.

- Нийслэлийн Ардчилсан нам НИТХ-д цөөн суудал авч өмнөх суудлаа ахиулж чадаагүй. Мэдээж нийслэлийн намын дарга Т.Батцогт үүнд хариуцлага хүлээнэ. Гэхдээ таны хувьд энэ хүнийг НИТХ-ын сонгуульд багаа хэр сайн авч орж өрсөлдөж чадсан гэж дүгнэх вэ?

-Т.Батцогт багаа сайн зангидаж орж чадсан. Харамсалтай нь сонгогчдын ирц маш муу байлаа. Шуудхан хэлэхэд манай намыг сонгох суурь бүтэц бага байлаа. Үүнийг бид эргэж харах л хэрэгтэй. МАН-ын хатуу гишүүнчлэлтэй суурь бүтэц хамаагүй илүү байсан. Цаашид бид намын дүрмээ шинэчилж, зохион байгуулалтаа өөрчлөх шаардлагатай.

-Таныг Х.Баттулгын фракцын хүн гэж ярих нь цөөнгүй. Яаж хүлээж авдаг вэ?

- Би оюутан байхаасаа эхлээд л хамт ажилласан. Тэр талаараа хүмүүст тэгж харагддаг байх. Гэхдээ зарим зүйлд Бид хоёр үзэл бодол таарахгүй, ам зөрөлдөх тохиолдол цөөнгүй бий. Хүнийг хамт ажиллаж байснаар нь холбож ойлгох нь хувь хүний л харах өнцөг байдаг байх.

-УИХ-д та намынхаа жагсаалтаас нэр дэвшиж сонгогдсон. Тойрогт яагаад өрсөлдөөгүй юм бэ?

-Би говийн бүсэд дэвших саналаа намд гаргасан. Намын дарга жагсаалтад оруулж нэр дэвшүүлсэн.

- Та тоймч Т.Болдыг хүү нь хүн амины хэрэг хийчхээд... гэж хандаж бичиж байсан. Хариуд нь гүтгэлэг гэж шүүхэд таныг өгөхөөр болсноо мэдэгдсэн. Та тэр хүнийг гүтгэчхэв үү, эсвэл үнэхээр тийм асуудал байсан юм уу?

- Т.Болд гуай сүүлийн 5 жил намайг элдвээр хочилж доромжилсон зүйлс бичээд байдаг л даа. Гэхдээ би саяын асуудалд түргэдсэн байна лээ. Тиймээс Т.Болд гуайгаас бас уучлалт хүсэж байна.

"АН шинэчлэгдэхгүй бол Монгол Улс цаашдаа нэг намын тогтолцоо руу ороход ойрхон байна"

- Танай намын дарга асан С.Эрдэнэ өөрт чинь хандаж "дарангуйллын эсрэг амь насаараа дэнжин тавьж тэмцэж, Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол нэгдүгээрт, чамд тийм эрх байхгүй. Хоёрдугаарт, чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй, цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм" гэж байр сууриа илэрхийлсэн байсан. Та яаж хүлээж авав?

-Би 18 настай Ардчилсан намд элссэн. Түүнээс хойш одоог хүртэл энэ намын гишүүн хэвээрээ. Улс төрийн бүх шатны сонгуульд намын үйл ажиллагаанд анхан шатны нэгжээс эхлээд хамгийн сүүлд сонгуулийн компанит ажилд удирдах түвшинд хүртэл ажилласан байна. Тэгтэл С.Эрдэнэ гуай намайг яагаад тэгж хэлснийг ойлгохгүй байгаа. Бодвол миний хэлсэн үгэнд л эмзэглэсэн байх.

Ер нь үнэнийг хэлэхэд манай С.Эрдэнэ дарга мэтийн хүмүүс "нам" зарж амьдраад байна шүү дээ. Үүнийг болиулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ улс чинь цаашдаа нэг намын тогтолцоо руу орлоо шүү дээ. Бид алсаа харах хэрэгтэй учраас л шинэчлэл хэрэгтэй гэж яриад байгаа юм.

Ярилцсанд баярлалаа

Архидан согтуурсан үедээ нэгнийгээ буудаж гэмтээжээ
Архидан согтуурсан үедээ нэгнийгээ буудаж гэмтээжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.