НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй орон нутгийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, АН-д үүсээд буй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр сонгуулийн дүн гарсны дараа өөрийгөө нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлэх тухайгаа мэдэгдсэн юм.
-Орон нутгийн сонгууль болж, дүнгээ гаргасан. МАН нийслэлд ч, орон нутагт ч тааруу амжилт үзүүллээ. Таны хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна?
-Ардын нам орон нутгийн сонгуульд, ялангуяа нийслэлд үнэмлэхүй ялалт байгууллаа. Монгол Ардын нам 2012 оноос өмнөх сонгуулиудад үзүүлдэг байсан амжилтаа энэ удаагийн сонгуульд гаргалаа. Ер нь 2012 оноос өмнө Монгол Ардын намаас өөр нам сонгуульд ялах “шаанс” бага байсан. Тэр үе рүүгээ буцаж байх шиг байна.
-Л.Гантөмөр, Т.Доржханд нарт УИХ-ын сонгуулийн үр дүн “дохио” өгөөд байхад л арга хэмжээ авалгүй сул хаясан-
-Ардчилсан намын ахмад гишүүний хувьд орон нутгийн сонгуульд ямар хүлээлттэй байв?
-Ялангуяа нийслэлийн сонгуульд ийм дүн гарна гэдгийг би эртнээс “үзмэрдэж” байсан. Долоодугаар сард болсон “Уянгын хуушуурдалт” дээр би хэлж байсан л даа. “Орон нутгийн сонгуульд ялах боломжгүй ээ. УИХ-ын сонгуулиа хараач дээ, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл гурав эвсэж орон нутгийн сонгуульд оролцохгүй бол ямар ч “шаанс” байхгүй. Үнэмлэхүй ялагдана” гэж хэлж байсан юм.
Ер нь Л.Гантөмөр, Т.Доржханд нарт УИХ-ын сонгуулийн үр дүн “дохио” өгөөд байхад л арга хэмжээ авалгүй сул хаясан. Л.Оюун-Эрдэнэд нийслэлийг тавьж өгсөн алхам гэж ойлгож болно. Н.Ганибал “Хэрвээ Үндэсний эвсэлтэй эвсчихсэн бол ялах байжээ” гэж өөрөө хэлсэн шүү дээ. Гэхдээ одоо мянга ийм юм яриад нэмэргүй. УИХ-ын сонгуулиар тов тодорхой үр дүн гарчхаад байхад тоогоогүй өдий хүрчхээд одоо “матрын нулимс” унагана гэдэг бол жүжиг л дээ. Анхнаасаа Л.Гантөмөр, Т.Доржханд нар Л.Оюун-Эрдэнэд нийслэлийг бэлэглэхээр тохиролцчихсон дүр зураг харагдаж байна.
-АН сүүлийн долоон сонгуульд ялагдчихлаа. Мөн дөрвөн жил орчмын хугацаанд албан ёсны ГЕНСЕК ч үгүй явж ирлээ. Танай нам яавал сонгуульд амжилттай оролцох юм бэ?
-Яг үнэндээ сүүлийн долоон удаагийн ялагдал бол манай нам МАН-ын “дагуул” нам болсонтой шууд холбоотой. Үзэл санаа, улстөрчдийнх нь хийж байгаа үйлдлүүд яг л МАН-ын хүссэнийг л хийж байдаг. Нэг ёсондоо МАН-ын дүү нам болсон. Өөрөөр хэлбэл иргэд ах дүү хоёр намын ахыг нь сонгосон нь илүү дээр биз дээ.
Сүүлдээ Ардын намынхан даварсаар даварсаар манай намын дарга, удирдлагууд хэн байхыг шийддэг хэмжээнд очсон. Ер нь л Ардын намын тоглоомын нам болчихлоо.
-Сая та алдаануудыг ярьчихлаа. Ер нь сонгуульд оролцох зохион байгуулалт, тэр дундаа нэр дэвшүүлэлтэд ямар дүн тавьж байна?
-Жишээлбэл, нийслэлийн сонгуульд “ЖЕНКО” Х.Баттулгыг нүүр царай болгож оролцуулсныг ерөөсөө ойлгоогүй. Х.Баттулга нийслэлчүүдийн нүүр царай болохоор юу хийсэн юм. Ийм нүүр царайтайгаар сонгуульд оролцож байгаа нь “ялагдана” л гэсэн үг. Сонгуульд АН-ын нүүр царай болж байгаа Х.Баттулга нь “Би энд ажилгүйдээ энд ирээгүй” гэж байгаа байхгүй юу.
Яг үнэндээ Нийслэлийн Засаг дарга гэдэг чинь хамгийн их ажилтай хэсэг байхгүй юу.
-Аж ахуйн ажил шүү дээ?
-Аж ахуйгаар барах уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын ачаалал Улаанбаатарын хажууд юу ч биш. Ажил хийе гэсэн хүн л очдог газар.
-Х.Баттулгын нэр дэвшигчдийг гаргаж буй алдааг Х.Нямбаатар маш сайн шүүрч авсан-
-АН-ын нэр дэвшүүлэлтийг “сул” болсон гэж ярих нь их байна. Ямар сайндаа л Хотын дарга Х.Нямбаатар “Хэдэн лайвчин бацаан нэр дэвшлээ” гэх вэ дээ. Танай нам үнэхээр боловсон хүчний дутагдалд орчхов уу?
-Л.Гантөмөр Х.Баттулгаар удирдуулаад, Х.Баттулгын нэр дэвшигчдийг гаргаж буй алдааг Х.Нямбаатар маш сайн шүүрч авсан. Эсрэг тал нь ийм санаанд оромгүй алдаа гаргаж байхад Х.Нямбаатар шүүрч авахгүй бол юу гэх вэ дээ, тийм ээ.
Нэр дэвшигч нар нь Х.Баттулгын ах дүү, компанийнх нь хүмүүс гээд байсан. За яахав, улс төрд садан төрлийн холбоо “цадиг”-аа алдсан.
Хамгийн гол нь нэг аюултай зүйл нь маш муухай гэмт хэргүүдэд холбогдож байсан буюу хулгай, дээрэм, хүчирхийлэл үйлдэж байсан хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдэг чинь юу гэсэн ч үг юм бэ дээ.
Монгол Улс дураараа цадиггүй байлаа гэхэд дээрэм, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг сонгохоор “тэнэг” биш шүү дээ.
-Т.Батцогтыг УИХ-д нэр дэвшээд явж байх хооронд Х.Нямбаатар бүх бэлтгэлээ хийчихсэн байлаа-
-Одоогийн нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтод та “муу” дүн тавих байх. Энэ удаагийн сонгуульд багаа хэрхэн авч орсон гэж дүгнэх вэ?
-Т.Батцогт бол нийслэлийн намыг авч явж чадахгүй. Улс төр гэж огт мэдэхгүй юм байна. Менежментийн хувьд авах юм алга. Жишээлбэл, нийслэлийн сонгууль болох гэж байхад яах гэж УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм бэ. Нийслэлийн сонгуульд бэлдэж байх ёстой хүн чинь УИХ-ын сонгуульд үзээд, харамсалтай нь уначхаж байгаа юм. Унахаар барах уу, өөрийнхөө “дархан” тойрогт нэр дэвшээд уначихсан шүү дээ.
Т.Батцогтыг УИХ-д нэр дэвшээд явж байх хооронд Х.Нямбаатар бүх бэлтгэлээ хийчихсэн байлаа. Нийслэлийн сонгуулийн хороонд хөтөлбөрөө өгөөд, нэр дэвших эрхээ бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, Т.Батцогтыг УИХ-д нэр дэвшээд, “тэнэгтэж” байх хооронд Х.Нямбаатар аль хэдийнэ сонгуулийнхаа бүх ажлыг бэлдээд, хүлээгээд сууж байсан шүү дээ.
Сонгууль эхлэнгүүт л Х.Нямбаатарын “дайралт” бэлэн байсан. Х.Баттулгыг АН-ын нүүр царай болгоно гэдгийг тагнуулын мэдээ авсан юм шиг бүх юмыг бэлдсэн байна лээ. Х.Нямбаатар энийг яаж мэдсэн юм бол гэж би гайхаад байдаг.
Гэхдээ манай нам арай ч ийм тэнэг байж үзээгүй ээ. Ардын намд сонгуулиа өгөх хэмжээний тэнэглэл хийж байсангүй.
-Та нэгэн цагт Хотын дарга, нийслэлийн намын дарга байсны хувьд нэр дэвшүүлэлт дээрээ хэрхэн ажиллдаг байсан юм бэ. Мэдээж цаг үе өөр байсан л даа?
-Нийслэлийн АН-ын өнгөрсөн 30 гаруй жилийн түүхийг харвал би нэг зүйлийг баталгаатай хэлнэ. Миний үед нийслэлийн АН үнэхээр СУПЕР нам байсан. Менежмент, дотоод эв нэгдлийн хувьд ч тэр. 2012-2016 оны хооронд нийслэлийн АН-ын эв нэгдэл нь цул, маш хүчирхэг байсан. Ямар сайндаа л төв нам нь нийслэлийн намаасаа зүүгдэж явдаг байсан шүү дээ.
2016 онд төв нам “Бидний нэр хүнд муу байна аа. Нийслэлтэйгээ хамт сонгуульд оръё” гэж байсан. Яагаад гэвэл төв намын нөхцөл байдал хүндэрчихсэн.
-Та ярианыхаа эхэнд “Уянгын хуушуурдалт” гэж ярилаа. Энэхүү ялагдлын гол шалтгаан нь хамтарсан ЗГ-т орсон гэж үзэх хэсэг байна. Анх энэ ЗГ байгуулагдахад та хэрхэн хүлээж авч байв?
-Би шууд эсэргүүцсэн. Хүн амины хэрэг гарч, сонгогчид тос усаар нь ялгаад өгсөн байхад олонх нь сөрөг хүчнээ “хөнжил”-дөө аваад орчихсон.
Та бүхэн дөнгөж эхэлж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хар л даа. Гишүүдийг нь хараад “Арай ч дээ” гэж бодсон. МАНАН болохоор ингэж балардаг юм л даа. Хүмүүс ХҮН гэж нэмээд МАНАН-ХҮН болгочихсон. МАНАН бол “бялуу хуваах” ажлыг хийдэг. Ялсан ч ялагдсан ч бялуу хуваадаг.
-Мэдээж Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө улс төрийн хэргийг бүтээж аваад АН, ХҮН намыг зайлуулах гэж байгаа-
-Одоогийн хамтарсан ЗГ-ын насжилт хэр урт байх бол. АН-аас орсон сайд нар ЗГ-т хэр удаан ажиллах бол?
-Насжилт нэлээн богино байх. Яагаад гэвэл бялуу хуваах улс төрийн нэг аюул байдаг юм. Бялуу хүрээгүйнүүд нь бялуунд хүрснийгээ дандаа “отож” дараагийн бялуундаа “оочерлож” байдаг. Тиймээс нэлээн олон Засгийн газрын нүүр үзнэ гэж тааж байна.
Мэдээж Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө улс төрийн хэргийг бүтээж аваад АН, ХҮН намыг зайлуулах гэж байгаа юм. Магадгүй энийг 2028 оны сонгуулийн өмнө хийнэ. Та бүхэн нэг зүйлийг маш сайн анзаарах хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө намын хүмүүсээр сайд хийлгэхдээ аль болох хэл ам багатай байх албан тушаалуудыг өгсөн. Өөрөөр хэлбэл улс төрийн ял авах багатайг нь гэсэн үг. Харин Ардчилсан намынханд улс төрөөс унаж мэдэх тийм сайдуудыг өгсөн. Жишээлбэл, уул уурхай, хууль зүй, барилгын гээд унах сэдвүүдийг хариуцсан салбар юм.
Хамгийн эхний жишээ бол Ц.Туваан. Шууд хэл аманд орж байгаа биз дээ.
Ардын намынхан шууд дотроо тохироод хоёр хуваагддаг. Нэг нь сөрөг хүчин болоод манай сайд нарыг ёстой “балбаж” өгнө дөө. Зүйрлэж яривал Л.Оюун-Эрдэнэд гарыг нь бариулж байгаад зодуулаад байна шүү дээ.
-Сая та хэл аманд өртсөн сайдаар Ц.Тувааныг нэрлэлээ. Тухайн асуудлыг нь юу гэж харж байна. Өнгөрсөн хавар ЗГ-ын хуралдаанаар “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон боловч хамтарсан ЗГ байгуулагдаад удалгүй үйл ажиллагааг нь сэргээчихлээ?
-Ялангуяа, Ц.Туваан ийм л тэнэг байхгүй юу. Ардын намынхан шавар шавхаатай хутгаж байгаа хэрэг. Манайхан өөрсдөө тэр шаварт нь гүйж ороод байгаа юм. Ингэдэг л байхгүй юу.
-Нийслэлийн сонгуулийн үр дүнгийн дараа та өөрийгөө нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Үүнийгээ тайлбарлаач. Одоо та өөрийгөө энэ албан тушаалд тэнцэнэ гэж бодож байна уу?
-Миний санаа зовж буй асуудал юу вэ гэхээр АН-ын одоогийн удирдлага бол Л.Оюун-Эрдэнийн хүсэл зоригийг хэрэгжүүлдэг болчихлоо. Гишүүдийн асуудал бол 10 дахь асуудал болсон. Ардын нам ингэж үнэмлэхүй ялна гэдэг бол Ардчилсан нам нийслэлд “арчигдана” гэсэн үг.
Ардын намынхны хийдэг уламжлалт “зэвүүн” ажил бий. Манай намын гишүүдийг мөрдөж мөшигдөг, бизнесийг нь дампууруулах үйл ажиллагааг явуулдаг байхгүй юу. Тэгэхээр Ардын нам үнэмлэхүй ялна гэдэг бол манай нийслэлийн 90 мянган гишүүн ямар ч хамгаалалтгүй болсон гэсэн үг. Энийг хамгаалах эр зориг хэрэгтэй.
Манай залуучуудад ямар ч эр зориг алга. Би энэ залуучуудынхаа аймхай хулчгар хэрнээ “бялуу”-нд дуртай, бэртэгчин занг долоон жил тэвчиж суулаа. Нам дотроо арслан бар болчхоод, эрх мэдэл дээр “чацага” царайлаад суучихна.
Манай намын ЕНБД байсан нөхөр УИХ дээр Л.Оюун-Эрдэнийг “зулгуйдаж” байгааг хараад, хамаг бөгс улайж байна лээ шүү дээ.
-Э.Одбаярыг ярьж байна шүү дээ?
-Тийм. Э.Одбаяр бол манай намын залуучуудын нийтлэг дүр төрх шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүс Ардчилсан намыг хамгаалж чадахгүй. Ардын намын энэ том ялалт бол АН-ыг СҮЙРҮҮЛНЭ. Тэндээс би л аварч чадна.
-Нийслэлийн намыг би л аварч чадна-
-Та болохоор намынхаа залуучуудыг аймхай, хулчгар гэж байна. Харин залуучууд чинь “Ах нар одоо болно оо, амарцгаа” гэх үгсийг хаяж байна л даа. Энийг юу гэж харж байна?
-Энэ бол манай намын нэг том эмгэнэлт асуудал. Ардын намынхан бол бүх асуудалд нөгөө ах нарыгаа ашиглаад байна. Гэтэл манай залуучууд “Ах нар яв” гээд байгааг би “Эргүүтсэн мал” гэж хэлнэ.
Манай намын залуучууд бол ямар ч бодлого байхгүй, үзэл санаагүй яг л “Эргүүтсэн мал” шиг болцгоосон байна.
Тэгэхээр АН-ын өмнө тулгарсан том асуудал бол нийслэлийн намаа хэрхэн аврах асуудал. Би л аварна. Өөр хэн ч чадахгүй. Бидний алдаа бол залуучуудыгаа ийм “Эргүүтсэн мал” болно гэж мэдээгүй байхгүй юу. Ийм л юм болчихлоо.
Яг үнэндээ нийслэлийн намыг би л аварч чадна. Өөр чадах хүн алга. Тэгэхгүй бол 2028 оны сонгуульд оролцох ямар ч чадамжгүй болох нь. Ийм л байна.
-Ярилцсанд баярлалаа.