В.Путины айлчлалын үеэр “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барихтай холбогдуулан “санамж бичиг“ байгуулж, Монгол талын ажлын хэсгийг С.Одонтуяа ахалж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

УИХ-ын гишүүн, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажиллаж байна.

Сайд С.Одонтуяа тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Г.Я.Красников болон Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тэргүүтэй төр, шинжлэх ухааны төлөөллүүдтэй уулзалт хийж, Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулах, байгаль, экологид нөлөөлөх нөлөөллийн судалгааг хийх асуудлаар талууд санал нэгджээ.

Байгал нуур нь дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг бол түүнд цутгаж буй нийт усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг учир усны нөөцийн менежмент, ашиглалт зөвхөн хоёр улсын асуудал биш тул хамтарч шийдэх шаардлагатай болдог.

Иймээс Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ын эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцов.

Судалгааны ажлуудыг хоёр улсын ШУА хамтран хэрэгжүүлэх нь хилийн усны асуудлаар шинжлэх ухааны шийдлийг ашиглаж буй бодит жишээ болно гэж үзээд байгаль орчны аливаа асуудлыг уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц, нөлөөлөлтэй уялдуулан шийдвэрлэхийн чухлыг талууд санал нэгтэйгээр тэмдэглэлээ.

Монгол, Оросын төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан уулзалтууд үргэлжилж буй бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гарган батлахаар ажиллаж байна.

Дадлагажигч багш нар цэцэрлэг, ЕБС-ийн сул орон тоонд ажиллаж байна
Дадлагажигч багш нар цэцэрлэг, ЕБС-ийн сул орон тоонд ажиллаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!