Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-ын гишүүд УЕПГ-ын төлөөлөлтэй эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл шалгах ажиллагааг сайжруулах асуудлаар санал солилцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 37 секунд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын /ХЭҮК/ дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар Монгол Улсын Ерөнхий Прокурор, төрийн хууль цаазын тэргүүн, зөвлөх Б.Жаргалсайхан, УЕП-ын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оргил-Очир, Хяналтын прокурор Ц.Гантулгабаттай уулзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл шалгах ажиллагааны үр нөлөөг сайжруулах асуудлаар санал солилцлоо.

ХЭҮК-т иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 922 гомдол, мэдээлэл ирүүлснээс 101 буюу 10.9 хувь нь прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байна.

Мөн 2020 оноос хойш Комиссын гишүүний зөвлөмж 7, шаардлага 4 хүргүүлсэн бол нийт 19 гомдол, мэдээллийг прокурорын байгууллагад шилжүүлэн шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Комисс нь 2022-2025 оны стратеги төлөвлөгөөнд прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн томоохон зорилт тусгаж, энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн санал өгөх, хохирогч төвтэй мөрдөн шалгах аргачлалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нэвтрүүлэх, хяналт тавих, эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар товч танилцуулж, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад идэвх санаачилгатай ажилладагт талархал илэрхийлэв.

Тус уулзалтаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдаж батлагдах холбогдох журмын төслүүдийг боловсруулж, баталсан эсэх, ял эдэлж буй иргэдийг эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, дараах асуудалд хамтран ажиллахаар тогтлоо.

Үүнд:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой статистик мэдээллийг нэг мөр болгож улирал, хагас жилээр Комисст ирүүлэх.
  • Эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж буй харилцаа хүний эрхийн зөрчил бий болгож байгаа тул хамтарсан судалгаа хийх.
  • Хамтарсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, хүний эрхийн боловсрол олгох ажиллагаа эрчимжүүлэх тал дээр хамтран ажиллах.
  • Прокурорын байгууллага нь мэдүүлэг авах өрөөний стандарт шаардлагыг шинэчилж байгаа бөгөөд уг асуудалд Комиссоос санал авахаар тогтож, батлагдсаны дараа хамтарсан ажлын хэсэг гарч хэрэгжилтийг хянах.
  • Насанд хүрээгүй хүний гэмт хэрэгт өртөх болон холбогдож байгаа асуудлаар УЕП-ын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэн судалгаа хийж байгаа бөгөөд Комиссоос санал авахаар тогтов.

“Хоум” плазагийн уулзвараас “Дүнжингарав”-ын  уулзвар хүртэлх замыг энэ сарын 5-нд ХААНА
“Хоум” плазагийн уулзвараас “Дүнжингарав”-ын уулзвар хүртэлх замыг энэ сарын 5-нд ХААНА
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.