Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргил руу авиралт хийхээр яваад байсан уулчид болох Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар энэ сарын 12-ны өдрөөс хойш сураггүй болсон тул 14-ний өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Харамсалтай нь баасан гарагт /2024.05.17/ Ц.Өсөхжаргалын цогцос далайн түвшнээс дээш 8550 метр өндрөөс олдсон байдаг.
Тэгвэл өнөөдөр /2024.05.18/ Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг далайн түвшнээс дээш 8400 метр өндрөөс олсон талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдэгдлээ. Тус холбооноос мэдэгдэхдээ,
"Эверест оргилын 8400м д.т.д өндрөөс уулчин бидний сайн найз, ах, дүү, сайн аав, сайн хань Л.Пүрэвсүрэн биднийгээ орхин оджээ. Даруу төлөв, алиа хошин зангаараа бид бүхний хайрыг татаж уулын гэр бүлд хүндэтгэлтэй явсан түүнийхээ гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн та хоёрынхоо уулын салбарт оруулсан хувь нэмэр, сэтгэл зүрх, дурсамжыг бид үүрд санан дурсах болно. Та хоёр минь хүсэл зорилго, мөрөөдлөө биелүүлж Дэлхийн дээвэрт авиралтаа хийж чадсан шүү" гэсэн байна.