Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаадах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо өөрийн цахим хуудастаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлыг нийтэлжээ.
Тэрбээр "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон нь олон улсын хүний эрхийн ноцтой зөрчил юм. Үүний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага АНУ-ын Төрийн департментийн хууль сахиулах салбарын хөтөлбөрийн хар жагсаалтад орсон байдаг. Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн нь улс орны нэр хүнд төдийгүй тухайн төрийн байгууллагын нэр хүнд, цаашдын институтийн хөгжилд ч сөргөөр нөлөөлөх асуудал юм.
Монгол Улсын иргэдэд эрүүдэн шүүлт тулгасан хэрэгт гэм буруутай нь нотлогдож, шүүхээс ял авсан Б.Хурц өнөөдөр Ардчилсан намаас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр горилж яваа нь эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд гээд бүхий л байдлаар хохирсон иргэдийг төдийгүй ардчилсан ёс, хууль дээдлэх ёс, хүний эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг үнэт зүйлээ болгосон ардчилсан Үндсэн хуультай улсын иргэн бүрийг тохуурхан доромжилж буй үйлдэл юм.
Хууль зөрчсөн буруу үйлдлийг өөгшүүлэх биш харин буруу болохыг бид нийтээрээ хүлээн зөвшөөрөх зарчим дээр нэгддэг байх хэрэгтэй байна. Үүнд мэргэжил нэгт хуульчдын оролцоо ч нэн чухал юм.
Өнгөрсөнд болсон гажуудал, завхрал өнөөдөр ч бидний амьдралд нөлөөлж байдаг. Дүгнэлт хийж, засахгүй бол ирээдүйд ч сөрөг нөлөө, үр дагавар үргэлжлэх эрсдэлтэй.
Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тодорхой үүргүүд хүлээсэн. Энэхүү конвенцид нэгдэн орсон бусад улсуудыг зурагт ногооноор тэмдэглэсэн" гэв.