2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчирхийлэн улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Улмаар дөрөвдүгээр сарын 16-нд шүүхээс гэмт хэрэгтэн Г-д бүх насаар нь хорих ял оноосон.
Талийгаач охины алга болсон Дорноговь аймгаас долоон жилийн өмнө найман настай Д.Сэржмядаг охин алга болж, өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Дээрх хоёр охиныг алга болох үед Замын-Үүд сумын хяналтын камер ажиллагаагүй байсан учир эрэл мухардаж, олон нийтийн шүүжмлэлд өртөж байсан юм.
Тэгвэл Дорноговь аймгийн хэмжээнд 22 сургууль камержуулалтын систем сууриллуулжээ. Иргэдийн оршин суух газар, зам талбайн байршилд шинээр 110 хяналтын камержуулалтыг нэмэгдүүлжээ.
Сайншанд сумын хяналтын 69 камерыг засварлах, шинэчилж, ашиглагдаж байгаа 32 камер, шилэн кабелийг засварлах, шинэчлэх, ажлыг гүйцэтгүүлсэн байна.
Мөн Сайншанд сумын төвийн 63 байршилд 163 ширхэг, Замын-Үүд сумын төвийн 38 байршилд 105 ширхэг нийт 268 ширхэг камер суурилуулж, хяналт, удирдлагын системийг байгуулах ажлын тендер зарлажээ.
Бусад говийн аймгууд ч мөн камерын хяналтыг сайжруулжээ
Өмнөговь аймаг аймгийн төв, сумд, томоохон суурин газрын гудамж талбайд дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, аймгийн төвд утасгүй сүлжээний бааз байгуулах ажлыг 109 сая төгрөгийн, зарим сумдын төвд дундаж хурдны камерын хяналтын систем байршуулах ажлыг 485 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус, тус байгуулан, ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээн авч, камерын хяналтын нэгдсэн системтэй болсон мөн 100,000,000 төгрөгийн нэмэлт камержуулалтын ажлын гэрээг байгуулан гүйцэтгүүлж, гүйцэтгэлийг бүрэн хүлээн авчээ.
Говьсүмбэр аймаг Баянтал суманд гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлж, 7.9 сая төгрөгөөр 40 гэрэлтүүлэг, 16 камерыг шинээр суурилуулсан байна.
Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад стандартын шаардлага хангасан камерыг дотор болон гадна орчинд байрлуулахыг үүрэг болгосон. Тус ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 136 аж ахуйн нэгж, байгууллагын 213 хяналтын камер ажиллаж байна.