Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч, "Шарк" Д.Бадрал үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй талаараа мягмар гарагт мэдэгдсэн. Тэрбээр “Улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна” гэж хэлсэн нь түүнийг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших нь гэх таамагийг үүсгээд байсан юм.
Тэгвэл энэ тухай дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулан "Гадуур намайг "Сонгуульд өрсөлдөх нь" гэж ярьж, бичиж байх шиг байна. Би улстөр, ямар нэг намд ороогүй. Урдах ажлаа сайн хийж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна.
“Өрсөлдөж биш хамтарч, Өмчилж биш хуваалцдаг ҮНЭТ бизнес”-ийн соёлыг түгээх эрхэм зорилготойгоор өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгдсэн, мэргэшсэн чадварлаг залуусын хамтаар "ҮНЭТ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ"-ийг байгуулан ажиллаж байна.
Бизнес эрхлэгчид бид хуримтлуулсан туршлагаа өөр хоорондоо нээлттэй хуваалцаж, дутуугаа нөхөн, хамтдаа хамгийн өндөр бүтээмжтэйгээр эх орондоо мэдлэг, туршлага, баялаг бүхий үнэ цэнийг бүтээх нь чухал юм. Бид та бүхэнтэй хамтран ажиллахад хэзээд таатай байх болно. Баярлалаа" гэжээ.