Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүллээ.
УОК болон ОБЕГ-ын мэдээлснээр нийт нутгаар цасан бүрхүүлийн хэмжээ багасаж байгаа ч томохон голын хөндий, ай сав газраар 75-95 хувийн цасан бүрхүүлтэй байгаа аж. Цас мөсөнд агуулагдах усны хэмжээ их тул цаг агаар дулаарч байгаатай холбоотой шар усны эрсдэл нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, онцгой байдлын албан хаагчид нийслэлийн хэмжээнд 110 удаагийн шар усны үерийн дуудлагаар ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй үерийн аманд буусан 388, зөвшөөрөлтэй ч эрсдэлтэй 1487 бүсэд байгаа айлуудыг нүүхийг сануулсаар байгааг холбогдох албаны хүмүүс мөн дурдлаа.