Нийгмийн даатгалын байгууллага нь “Гар утасны аппликейшн”, “Даатгуулагчид зориулсан веб” програм хангамжийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэглэгчийн хандалт 60 мянгад хүрчээ. Гадаадад оршин суугаа иргэд нийгмийн даатгалын хэлтэст очиж нэвтрэх эрхээ баталгаажуулан нууц үгээ авах боломжгүй байсан. Тэгвэл “Гар утасны аппликейшн”, “Даатгуулагчид зориулсан веб” програм хангамжид нэвтрэх эрхээ даатгуулагчид цахим орчинд баталгаажуулах боломжтой боллоо.
Иргэд өөрт холбогдолтой нийгмийн даатгалын мэдээ, мэдээллийг авахын тулд “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг татаж бүртгүүлэх, эсвэл https://daatguulagch.ndaatgal.mn хаягаар хандаж бүртгүүлэх шаардлагатай.
Ингэснээр бүртгүүлсэн цахим шуудан руу баталгаажуулах хаяг илгээгдэх бөгөөд тус хаягаар орж бүртгэлээ баталгаажуулах хэсэгт өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ оруулж нэвтрэх нууц үгээ авна. Өөрийн мэдээллээ шаардлагатай бол нийгмийн даатгалын дэвтэрнээс харах боломжтой юм. Хэрэв нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэхгүй бол app@ndaatgal.mn хаяг руу тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий зургаа /гадаадад амьдарч буй бол гадаад паспорт/ илгээнэ.
Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгоно.
Бүртгүүлэх, баталгаажуулахад мэдээлэл зөвлөгөө авах бол 94901289, 95901289 дугаарын wechat, viber-аар холбогдож болно.
Та эдгээр програмуудыг ашиглан өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж болно. Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх боломжтой. Мөн https://daatguulagch.ndaatgal.mn сайтаас шимтгэл төлөлтийн лавлагаагаа хэвлэн авч болох юм. Цаашид сайн дурын даатгалын гэрээг аппликейшнаар баталгаажуулах програмын хөгжүүлэлтийг хийж байна.
Бүртгэл баталгаажуулах ажил онлайнаар хийгдэхээс гадна цахим үйлчилгээ ашиглах боломжгүй иргэд ойр байрлах нийгмийн даатгалын хэлтсээс нэвтрэх код авч болно. Мэдээлэл үнэн зөв тохиолдолд нэвтрэх кодыг имэйл хаяг руу илгээнэ.