Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв.
Тухайлбал, дүүргүүдэд үүссэн хур, үүсмэл хогийн цэгүүдийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд есөн дүүрэгт үзлэг шалгалт хийхэд нийт есөн байршилд хур хогийн цэг үүсжээ. Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий 12 ОНӨААТҮГ, 13 хувийн аж ахуйн нэгж 393 техник хэрэгсэл, 913 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын зохион байгуулах үүрэг өгсний хүрээнд гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд суурьшлын бүсээс 3051 тоо толгой мал гаргаад байна.
2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Их болон Бага тойруу, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлээр хийхээр болсон. Одоогийн Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас замын трассыг нарийвчлан тогтоохоор судалгаа хийн, зураг төслийг боловсруулж байгаа юм. Зураг төслийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг дараагийн шуурхай зөвлөгөөнөөр танилцуулахыг Хотын дарга даалгалаа.
Инженер хангамжийн байгууллагуудын болон хот, нийтийн аж ахуйн өдөр тутмын ажиллагааг цахимжуулах, нэгдсэн байдлаар удирдаж, зохион байгуулах зорилгоор “UB engineering” системийг мэдээллийг хөгжүүлж буй. Уг системд Нийслэлийн Хот байгуулалт, дундын мэдээллийн сангаас гадна орон зайн мэдээллийн системийг нэмэлтээр хөгжүүлж байгаа юм. Иймд тус системийн мэдээллийг бүрдүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудаас санал аваад байна. Цаашид хоёр мэдээллийн санд харьцуулалт хийн, стандартад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газарт энэ онд нийслэлийн авто зам, замын байгууламжийг сайжруулах чиглэлээр нийт 43 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх шилжиж ирсэн байна. Энэ хүрээнд 22 ажил гэрээ байгуулах, 16 ажил тендерийн материал хүлээн авах, хоёр ажил тендерийн материал боловсруулах шатанд байгаа бол үлдсэн нь захирамжид өөрчлөлт оруулах, ажлын даалгавар ирүүлэх, санхүүжилт шийдвэрлэх зэрэг шалтгаанаар хүлээгдэж байгаа юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,
- Төвлөрсөн хогийн цэгүүдийг түшиглэн хог ангилан ялгах, хаягдлыг сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах;
- Дүүргүүдийн хүн амын өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг судлан, авах арга хэмжээний санал танилцуулах;
- Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх;
- Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;
- Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах;
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах;
- Хот, нийтийн аж ахуйн чиг дүүргүүдэд шилжсэнтэй холбогдуулан дүүргүүд сонгон шалгаруулалтын ажлуудаа эрчимжүүлэх;
- Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.