Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Шүүх хурлаар гэм буруугиийн дүгнэлтээ танилцуулсан. Одоо эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж, хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хүргүүлсэн нь энэ юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.
Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан.